
Монгол Улс 2021 онд л гэхэд эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 80 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, үлдсэн хэрэглээг импортоор худалдан авчээ. Үүнээс 90 хувийг нь нүүрсний буюу дулааны, үлдэх 10 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр гарган авсан байна.
Манай улсын цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээ жил бүр дунджаар таван хувьтай нэмэгдэхийн хэрээр хүртээмж буурсаар, хэзээ мөдгүй эрчим хүчний “O” зогсолт хийх мөч ойрхон байгаа талаар салбарын мэргэжилтнүүд анхааруулсаар буй. Гэтэл нөгөө талдаа бид тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд ердөө долоо хүрэхгүй жилийн дотор сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээ даруй хоёр дахин нэмэгдүүлж, эрчим хүчний хувьд хөрш орнуудаас хараат бус болох тухай амлалт өгсөн.
Хүн төрөлхтний хувьд амин чухал хэрэгцээ болсон эрчим хүчний үйлдвэрлэл нь байгальд хэдэн сая тонн хүлэмжийн хий, хорт утааг ялгаруулж байгаа энэ цаг үед манай улс сэргээгдэх эрчим хүчний хэр их нөөцтэй хийгээд тэрхүү нөөцөө хэрхэн үр дүнтэй ашиглах боломжийн тухайд бид энэ удаагийн нийтлэлдээ онцоллоо.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭ МОНГОЛД
Нөхцөл байдал ямаршуухан байна вэ?
Монгол Улсын эрчим хүчний системийн суурилагдсан нийт хүчин чадал сүүлийн 20 жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдсэн бөгөөд эрчим хүчний хэрэглээ дунджаар жил бүр таван хувьтай өсөж байгааг бид нийтлэлийнхээ эхэнд дурдсан шүү дээ.
Тэртээ зуу гаруй жилийн өмнө буюу 1916 онд Нийслэл хүрээнд 20кВт орчим чадалтай цахилгаан үүсгүүр ажиллаж эхэлснээр Монгол улс албан ёсоор эрчим хүч хэрэглэгч болж, соёлт гүрний тоонд багтсан түүхтэй.
Алтан тэвшийн хөндийд суурьшсан 50 гаруйхан мянга хүн ам өдгөө харин 33 дахин өсөж, өрх бүрийн анхдагч хэрэгцээнд эрчим хүч багтаж байна. Дөрвөн уулын хөндий дэх өрхийн тоо нэмэгдэх тусам эрчим хүчний хэрэглээ гэрлийн хурдаар өссөөр. Гэвч нөхцөл байдал хэр хүнд байгаа вэ?

Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал 2019 онд 1166 мвт хүрч байсан бол 2021 онд 1300 мвт хүрч, оргил ачаалал 20 хувиар өсчээ. Хэрэв цаашид нийслэл хотноо том чадлын шинэ эх үүсвэрийг ашиглалтад оруулахгүй бол ирэх 2023-2024, 2024-2025 оны өвлийн их ачааллын хугацаанд эрчим хүчний хязгаарлалтад орж мэдэх хэцүүхэн нөхцөл биднийг угтаж байгааг салбарын мэргэжилтнүүд сануулсаар.
Эрчим хүчний асуудлаа шийдэхийн тулд нэн тэргүүнд Тавантолгой, Багануурын станц гээд томоохон төслүүдийг бодит ажил хэрэг болгохын сацуу бид өөрсдөдөө байгаа сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцөө мартаж болохгүй.

Бид хэдэн төгрөгөөр эрчим хүч худалдан авдаг вэ?
266 төгрөг. Энэ бол нэг хүний эрчим хүчний хэрэглээний нэг өдрийн төлбөр юм. Манайд дундаж хэрэглээтэй, дөрвөн ам бүлтэй өрхийн нэг сарын цахилгааны төлбөр нь 31 мянга орчим төгрөг болдог. Өөрөөр хэлбэл, тэр айл өдөрт 1000 төгрөгөөр эрчим хүчний бүх хэрэглээгээ хангадаг гэсэн үг юм.
Гэвч бидний цахилгааны төлбөр бодит өртгөөсөө 25 хувиар бага, дулаан, халаалтын төлбөрийн хувьд дэлхийн дунджаас хоёр дахин хямд байдгийг мэдэх үү? Энэ нь эрчим хүчний салбарт эдийн засгийн алдагдал үүсгэх гол шалтгаан болсоор байна. Цаашид бид эрчим хүчний үнэ цэнийг хадгалж, бодит өртгөөр худалдах, хэрэглэгчдийн хандлагыг өөрчлөх хэрэгтэй юм.

