
Хоёр жил үргэлжилсэн уналтын дараа литийн карбонатын үнэ 2026 онд эрс сэргэж, 5 дугаар сард 200,000 юань/тонн түвшинг даваад байна. Эрчим хүч хуримтлуулах систем, дата төв, цахилгаан автомашины эрэлт нэгэн зэрэг өсөж, дэлхийн литийн зах зээлийг шинэ үе шатанд оруулж байна хэмээн шинжээчид үзэж байна.
Литийн карбонат (Li₂CO₃) нь литийн батарейн үндсэн түүхий эдийн нэг бөгөөд өдгөө дэлхий даяар хамгийн өргөн хэрэглэдэг лити төмрийн фосфат (Lithium Iron Phosphate) буюу цэнэглэдэг төрлийн батарейн үйлдвэрлэлд голлон ашигладаг. Литийг байгальд давст нуурын уусмал (Чили, Аргентин, Боливи зэрэг улс), хатуу чулуулаг хүдэр (Австрали), шаварлаг орд зэргээс олборлодог. Литийг олборлож, химийн боловсруулалт хийсний дараа литийн карбонат буюу литийн гидроксид хэлбэрт оруулдаг бөгөөд энэ нь цахилгаан автомашин болон эрчим хүч хуримтлуулах системийн батарейн катод үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болдог. Литийн карбонатыг эрчим хүч хуримтлуулах систем, LFP батарей, цахилгаан автомашин, дата төвийн нөөц цахилгаан систем, сүлжээнд холбогддог сэргээгдэх эрчим хүчний хуримтлуурын салбарт өргөн хэрэглэдэг.
Литийг дэлхийн ямар улсууд үйлдвэрлэдэг вэ?
Өнөөдрийн байдлаар дэлхийн литиay олборлолтыг цөөн хэдэн улс хянаж байна. Австрали улс хатуу чулуулаг хүдэр олборлолтоор дэлхийд тэргүүлдэг бол, Чили улс давст нуурын уусмалын олборлолтоор тэргүүлдэг. Хятад улс олборлолт, боловсруулалт, батарейн үйлдвэрлэлийг хосолсон гинжин хэлхээгээр давамгайлж, Аргентин, Бразил зэрэг улсууд олборлолтоо хурдацтай нэмэгдүүлж байна.
Дэлхийн хамгийн том литийн нөөцтэй улс бол Боливи юм. Тус улсын баруун өмнөд хэсэгт, Андын нуруунд орших дэлхийн хамгийн том давстай, хужирлаг тэгш тал болох Salar de Uyuni нь дэлхийн хамгийн том литийн нөөц бүхий бүсэд тооцдог хэдий ч үйлдвэрлэл нь одоогоор хязгаарлагдмал хэвээр байна. Сүүлийн үед Зимбабве улс экспортын хязгаарлалт тогтоож, дотооддоо боловсруулах хүчин чадал бий болгох бодлого баримтлах болсон нь дэлхийн нийлүүлэлтэд нөлөөлж эхэлсэн. Гэхдээ зах зээлд Хятадын литийн баяжуулалт буюу химийн боловсруулалт болон батөрейн зай үйлдвэрлэлийн давамгайлж, зарим тооцоогоор тус улс дэлхийн литийн батарейн 80 орчим хувийг үйлдвэрлэж, боловсруулалтын хүчин чадлын дийлэнхийг хянаж байна.
Литийн дэлхийн зах зээл
Литийн дэлхийн зах зээлийн хөгжлийг дараах үеүүдэд хувааж болно. Үүнд:
1999–2014: Аж үйлдвэрийн химийн эрин. Лити нь голчлон шил, тосолгоо, керамик, эмийн үйлдвэрт ашиглагдаж байсан үе. Батарейн эрэлт бага байсан тул үнэ 15 жилийн турш харьцангуй тогтвортой байсан.
2015–2018: Цахилгаан машины тэсрэлт #1. Теслагийн өсөлт, Хятадын цахилгаан машинд татаас олгох бодлого литийн зах зээлийг анх удаа тэсрэлттэйгээр өсгөсөн үе. 2018 онд литийн карбонатын үнэ анхны том оргилдоо хүрч, 20,000 ам.доллар/тонн түвшнээс давсан.
2019–2020: Илүүдэл нийлүүлэлтийн уналт. Австралийн шинэ уурхайнууд нийлүүлэлтийг хэт өсгөж, Ковид-19 цар тахлын эрэлт буурсантай давхцсанаар үнэ огцом унасан.
2021–2022: Түүхэн литийн хөөсрөлт. Цахилгаан машины дэлхийн шилжилт хүлээгдсэнээс нэн хурдан өргөжсөнөөр литийн дутагдал үүсэж, үнэ ердөө 2 жилийн дотор 10 дахин өссөн. Батарей үйлдвэрлэгчид түүхий эдийн огцом худалдан авалт хийж, литийн карбонатын үнэ 2022 оны 11 дүгээр сард 500,000 юань/тонн босгыг давсан нь түүхэн дээд үнэ болов.
2023–2025: Уналт. Хятадын батарей үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадал, шинээр ашиглалтад орсон уурхай, нийлүүлэлтийн өсөлтөөс үүдэн литийн үнэ огцом унасан. 2025 онд спот зах зээл дээр зарим хэлцэл 58,000 юань/тонн түвшинд хүрсэн нь 2022 оны оргил үеэс бараг -90% буюу 9 дахин буурсан.
2026: Дахин сэргэлт. Эрчим хүч хуримтлуурын эрэлт, хиймэл оюун, дата төвийн өсөлт, сүлжээнд холбогддог хуримтлуур, цахилгаан машины сэргэлт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр литийн үнэ дахин 200,000 юань/тонн түвшинд хүрсэн. JPMorgan, BMI, UBS зэрэг томоохон байгууллагууд 2026–2027 онд литийн нийлүүлэлт болон эрэлтийн зөрүү 65,000 тонн LCE орчимд хүрч болзошгүй гэж тооцоолж байна.
Үнэ яагаад дахин өсөв?
Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхийн литийн зах зээл асар их савлагаатай байсаар ирлээ. 2022 онд түүхэн дээд түвшинд хүрсэн литийн карбонатын үнэ 2023–2025 онд огцом унасан. Энэ нь илүүдэл цахилгаан эрчим хүчийг хуримтлуулж, шаардлагатай үед ашиглах боломжтой болгодог эрчим хүчний хадгалалтын ерөнхий систем (ESS, Energy Storage System), ялангуяа цахилгааныг лити-ион зэрэг цэнэглэдэг батарейд хуримтлуулдаг эрчим хүчний хадгалалтын (BESS, Battery Energy Storage System) төслийн нийт өртгийг хурдацтай буурахад гол нөлөө үзүүлсэн. Гэвч 2026 оны эхнээс нөхцөл байдал дахин өөрчлөгдөж, энэхүү уналт дуусгавар болох нь илт болоод байна.
2026 оны 5 дугаар сарын байдлаар батарейн зориулалтын литийн карбонатын үнэ Хятадын спот зах зээлд 190,000 юань/тонн түвшинд тогтворжиж, фьючерс хэлцлийн үнэ 200,000 юанийг давсан байна. Энэ нь 2025 оны 1 дүгээр улирлын доод түвшинээс 2 дахин өссөн үзүүлэлт бөгөөд шинжээчид 2026 оны 5–6 дугаар сард 250,000 юань/тонн түвшинд хүрэх боломжтой хэмээн үзэж байна.
Литийн карбонатын үнэ 2026 оны эхнээс эрс сэргэхэд дараах хэд хэдэн хүчин зүйл нэгэн зэрэг нөлөөлсөн. Тухайлбал:
Эрчим хүч хуримтлуулах системийн эрэлт огцом өссөн. 2025 онд хадгалалтын зориулалттай литийн эрэлт жилийн өмнөхөөс 71%-иар нэмэгдсэн бол 2026 онд дахин 55%-иар өсөх магадлалтай байна.
Цахилгаан автомашины үйлдвэрлэл дахин өсөлтийн мөчлөгт орсон.
Хиймэл оюун болон дата төвүүдийн эрчим хүч хадгалах эрэлт эрс өсөж, шинэ том хэрэглэгчид нэмэгдсэн.
Хятадын дотоодын нөөц, үлдэгдэл огцом буурсан.
Зарим уурхай нийлүүлэлтээ танасан, шинэ төслүүдийн ашиглалт хойшилсон.
Шууд арилжааны зах зээл дээр богино хугацаанд нийлүүлэлтийн хомсдол үүсэж, фьючерс зах зээл түрүүлж өссөн.
Зах зээлийн шинжээчдийн анхааруулж буй хамгийн чухал зүйл бол литийн эрэлтийн бүтэц өөрөө өөрчлөгдөж буй явдал юм. Өмнө нь литийн эрэлтийг гол төлөв цахилгаан автомашины зах зээл тодорхойлдог байсан бол өдгөө нийтийн хэрэглээний хэмжээний эрчим хүч хуримтлуулах систем, сэргээгдэх эрчим хүчний интеграцчилал, дата төвүүд, оргил ачааллыг бууруулах, нөөц цахилгаан хангамж зэрэг хэрэглээний шинэ салбарууд хүчтэй хөдөлгөгч хүч болж эхэлжээ. JPMorgan Chase компанийн тооцоогоор эрчим хүч хуримтлуулах систем нь 2026 онд дэлхийн нийт литийн карбонатын эквивалент (LCE) эрэлтийн 32%-ийг эзэлж, 2030 он гэхэд 38%-д хүрэх төлөвтэй байна. Зөвхөн цахилгаан автомашин бус, бусад салбарын эрчим хүчний шилжилт литийн зах зээлд ихээр нөлөөлж байна.

Зураг 1. 2026 оны эрэлтийн шинэ хөдөлгөгч хүч
Батарейн үнэ дахин өсөх үү?
Литийн карбонатын үнэ өссөнөөр батарейн зайн үнэ ижил хэмжээгээр шууд өснө гэсэн үг биш. Батарейн зайн нийт өртөгт катодын материал, графит, зэс болон хөнгөн цагаан тугалган давхарга, тусгаарлагч мембран, электролит, үйлдвэрийн ашиглалтын түвшин, ложистик, үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Гэхдээ литийн карбонат нь батарейн зайн өртгийн хамгийн том бүрэлдэхүүний нэг хэвээр байгаа тул урт хугацаанд батарейн үнэд дарамт үзүүлэх магадлал өндөр. 2026 оны эхний улирлын байдлаар Хятадын дээд хэлхээний литийн уурхайн 7 компани бүгд ашигтай ажиллаж, цэвэр орлого нь өмнөх оны мөн үеэс 376%-иар өссөн бол дунд хэлхээний 12 материал үйлдвэрлэгч 330%-ийн өсөлттэй гарчээ. Энэ нь үнийн өсөлт нийлүүлэлтийн сүлжээгээр доош дамжиж эхэлснийг харуулж байна.
2023–2025 онд батарейн үнэ хямдарсан нь литийн үнийн уналт, Хятадын үйлдвэрлэлийн илүүдэл, батарейн зай үйлдвэрлэгчдийн ширүүн өрсөлдөөнтэй холбоотой байсан. Харин 2026 онд литийн сэргэлт, хадгалалтын эрэлтийн өсөлт, экспортын захиалга нэмэгдэж буй нь эрчим хүч хуримтлуулах системийн доод үнийн түвшин дахин өсөх эрсдэлийг бий болгож байна. Fastmarkets компанийн мэдээлснээр эрчим хүчний хадгалалтын систем үйлдвэрлэгчид одоогоос хэдхэн сарын өмнөхтэй харьцуулахад нийлүүлэгчдээс өндөр үнийн санал авч эхэлжээ.
2022 оны хөөс дахин давтагдах уу?
Одоогийн нөхцөл байдал 2022 оны литийн хөөстэй яг ижил биш гэдэг нь анхаарал татаж байна. 2022 онд литийн карбонатын үнэ 500,000 юань/тонноос давж байсан бол өнөөдрийн 200,000 юань/тонн нь тэр үеийн дээд үнийн талд нь хүрэхгүй түвшин юм. Нөгөөтээгүүр өнөөдөр Австрали, Аргентин, Африк, Хятадын шинэ уурхайнууд үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, нийлүүлэлтийн сүлжээ илүү том болж, натри-ион зэрэг технологиуд зах зээлд нэвтэрч эхэлсэн нь үнийн өсөлтөд тодорхой хязгаарыг тавьж байна. Зарим шинжээчид одоогийн өсөлтийн хэмжээ нь үндсэн суурь нөхцөлөөс түрүүлж байна хэмээн дүгнэж, дунд хугацаанд илүү тогтвортой үнийн зурваст шилжих магадлал өндөр гэж үзэж байна.
Литийн карбонат ямар үнэтэй вэ?

Зураг 2. Литийн карбонатын дэлхийн дундаж үнэ (2010–2026), ам.доллар/тонноор. Цахилгаан машин болон эрчим хүчний хадгалалтын системийн салбарын нөлөөгөөр үүссэн үнийн савлагааны үе
Зах зээлийн мөчлөгийг ойлгохын тулд литийн карбонатын сүүлийн 27 жилийн үнийн түүхийг харах нь хэрэгтэй. Доорх хүснэгтэд USGS, Fastmarkets, Benchmark Minerals, Trading Economics зэрэг эх сурвалжаас цуглуулсан 1999–2026 оны ойролцоо үнийн түвшинг дараах хүснэгтэд нэгтгэн харууллаа.

Тэмдэглэл: 2000-аад оны эхэн үеийн литийн зах зээл маш жижиг байсан тул нийтэд нээлттэй бенчмарк үнэлгээний систем бараг байгаагүй. Иймд өмнөх жилүүдийн тоо нь салбарын тайлан, USGS байгууллагаас гаргасан жил тутмын статистикт үндэслэсэн ойролцоо тоо юм. 1999–2014 оны үед лити нь гол төлөв шил, тосолгоо, керамик, эмийн үйлдвэрлэлд ашиглагдаж байсан тул үнэ бараг 15 жилийн турш тогтвортой байсан гэж тооцогддог.

Зураг 3. Хятадын зах зээл дэх үнийн хэлбэлзэл, юань/тонн
Монгол Улсын хувьд ямар нөлөөтэй вэ?
Монгол Улсад эрчим хүчний хуримтлуур, сэргээгдэх эрчим хүчний интеграцийн төслүүд эрчимтэй яригдаж буй энэ үед литийн зах зээлийн өөрчлөлт шууд нөлөөтэй. Ялангуяа оргил ачааллыг тэнцвэржүүлэх, уул уурхайн гибрид цахилгаан хангамжийн систем, дата төвийн нөөц эх үүсвэр болон тогтворжуулалт, төвийн системийн давтамж/хүчдэлийн тогтворжилт, сэргээгдэхийн хязгаарлалтыг бууруулах зориулалттай хуримтлуур зэрэг хэрэглээний чиглэлүүд эрчимтэй өсөн нэмэгдэж байна. Цаашид дэлхийн зах зээлд литийн үнийн өсөлт цаашид үргэлжилбэл эрчим хүчний хадгалалтын системийн анхны хөрөнгө оруулалт дахин өсөж, төслийн эргэн төлөгдөх хугацаа уртсах, урт хугацаат нийлүүлэлтийн гэрээ байгуулах асуудал илүү чухал болж, батарей худалдан авалтын стратеги нь техникийн биш стратегийн түвшинд шилжих шаардлага гарч болзошгүй. Олон улсын туршлагаас харахад эрчим хүчний хадгалалтын системийн EPC үнэлгээ литийн карбонатын үнэтэй 6–9 сарын зөрүүтэй хөдөлдөг тул 2026 оны 2-3 дугаар улиралд эдгээр нөлөө илэрхий мэдрэгдэх магадлалтай.
Эцэст нь литийн зах зээл өдгөө зөвхөн цахилгаан машины салбараас давж, дэлхийн эрчим хүчний шилжилтийн стратегийн гол түүхий эдийн нэг болж хувирчээ. Монгол Улсын эрчим хүчний шилжилтийн дунд хугацааны төлөвлөгөөнд литийн үнийн эрсдэлийг тооцох, цаашилбал хэджинг хийх механизмыг бий болгох шаардлагатай байна.
Эх сурвалж: Fastmarkets (Литийн карбонат benchmark prices, 2026); Trading Economics — Лити futures (CNY/T); UBS, JPMorgan, BMI лити price forecasts (2026); Shanghai Metals Market (SMM); Argus Media; USGS Лити Statistics; Benchmark Mineral Intelligence.
Зургийг хиймэл оюунаар бүтээв


