Google компани эрчим хүчний аюулгүй байдлыг онцгой анхаарч байна

Дэлхий дахинаа цахилгаан эрчим хүчний эрэлт огцом өсөх төлөвтэй байгаа энэ үед Google компани уур амьсгалын өөрчлөлтийн технологийн стартап компани, гарааны бизнест зориулсан хиймэл оюуны хурдасгуураа нэвтрүүлж, эрчим хүчний сүлжээгээ шинэчилж байна.
Олон улсын эрчим хүчний агентлагийн судалгаагаар ирэх 5 жилд дэлхийн цахилгаан эрчим хүчний жилийн эрэлт өмнөх 10 жилийн дундажтай харьцуулахад дунджаар 50%-иар өсөх төлөвтэй байна. Энэхүү эрэлт нь үйлдвэрлэл, цахилгаанжуулалт, дижитал дэд бүтцээс үүдэлтэй бөгөөд ухаалаг сүлжээний өсөлтөд асар их боломжийг бий болгох юм.
Google компани "Google for Start-Ups Accelerator" хөтөлбөрөө хоёр дахь жилдээ нээлттэй зарлаж, эрчим хүчний сүлжээг шинэчлэх, эрчим хүчний үр ашиг, аюулгүй байдлыг бий болгоход хиймэл оюуныг ашиглаж буй стартап, гарааны бизнесүүдийг дэмжиж байна.
Хиймэл оюунаар эрчим хүчний сүлжээний тогтвортой байдлыг сайжруулах нь
Энэхүү хөтөлбөр нь хиймэл оюунаар дамжуулан дараагийн үеийн тогтвортой эрчим хүчний шийдлүүдийг боловсруулж буй уур амьсгалын технологийн шинийг санаачлагчдыг дэмжих зорилготой. 2026 оны 9 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэл үргэлжлэх энэхүү санаачилгын хүрээнд виртуал уулзалтыг танхимын ажиллагаатай хослуулах замаар үүсгэн байгуулагчдыг Google компанийн ажилтнууд, эрчим хүчний компаниуд, хөрөнгө оруулагчид, техникийн мэргэжилтнүүдтэй холбох юм.
Google компани хиймэл оюунд суурилан эрчим хүчний системийг шууд дэмжиж чадах дараах тэргүүлэх чиглэлүүдийг онцолж байна. Үүнд:
• Өгөгдлийн гүнзгийрүүлэн оновчлох процессоор дамжуулан эрчим хүчний уян хатан нөөцийн удирдлагыг сайжруулах;
• Шинэ эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах дэд бүтцийг нэвтрүүлэх ажлыг хурдасгах;
• Хямд, үр ашигтай эрчим хүчний шийдлүүдийн хүртээмжийг өргөжүүлэх.
Хөтөлбөрт хамрагдаж буй стартап, гарааны бизнесүүд Google Cloud дэд бүтэц, Gemini зэрэг хиймэл оюуны хэрэгсэл, технологийг боловсронгуй болгож, цар хүрээг нь өргөжүүлэхэд туслах тусгайлсан техникийн зөвлөгөөг авах боломжтой аж. Google компанийн Европ, Ойрхи Дорнод, Африкийн бүсийн Тогтвортой байдлын захирал Адам Элман "ямар ч компани эрчим хүчний хямралыг дангаараа шийдэж чадахгүй. Иймд бидний зорилго бол анхдагч, зах зээлд гарахад бэлэн гарааны бизнесүүдийг Google компанийн хиймэл оюун, клауд мэргэжлийн туршлагыг ашиглан технологио сайжруулах боломжтой хамтын ажиллагааны экосистемийг хөгжүүлэх явдал юм. Бид эдгээр компаниудыг хөгжиж, өргөжихөд нь тусалснаар тогтвортой ирээдүйд чухал ач холбогдолтой шийдлүүдийн нэвтрүүлэх ажлыг хурдасгах юм” хэмээн өгүүлж байна.
Тус хөтөлбөр нь эрчим хүчний сүлжээний шинэчлэл, эрэлтийн оновчлол, үр ашгийг дээшлүүлэхэд анхаарлаа хандуулснаар нь илүү уян хатан, бага нүүрстөрөгчийн ялгаруулалттай, тогтвортой эрчим хүчний сүлжээг бий болгох юм.
Эрчим хүчний шилжилтийн цар хүрээг өргөжүүлэх шийдлүүд
Энэхүү хөтөлбөр нь хиймэл оюун ашиглан эрчим хүчний системийг бодитоор сайжруулах боломжтойг хэдийнэ харуулсан билээ. 2025 онд уг хөтөлбөрт хамрагдсан гарааны бизнесүүд Google компанийн технологийн цогц шийдлийг ашиглан мэдэгдэхүйц өсөлттэй болсноо мэдээлсэн. Тухайбал, АНУ-д төвтэй Artemis компани гэхэд хиймэл оюунд суурилсан шинжилгээгээр нарны дүрслэлийн нарийвчлалыг сайжруулж, өрхийн эрчм хүчний зардлыг бууруулж чадсан билээ. Тус компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Валид Халтийн хэлснээр Google компанийн 'AI for Energy' хөтөлбөр нь Artemis компанид женератив хиймэл оюун ашиглан платформоо сайжруулахад тусалж, Gemini болон GCP баг хамгийн сүүлийн үеийн хэрэгслүүдэд хандах боломж олгож, технологийг нь улам хөгжүүлсэн аж. Францын Tilt Energy компанид тархмал эрчим хүчний платформоо олон зах зээлд өргөжүүлж, эрчим хүчний сүлжээний ачааллын оргил үед эрэлтийг илүү сайн удирдахад тусалсан бол Испанийн Delfos Energy компанид сэргээгдэх эрчим хүчний системийн доголдлыг 300 хоногийн өмнө урьдчилан илрүүлж, зогсолтын хугацааг багасгаж, үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх боломжтой урьдчилан таамаглах засвар үйлчилгээний чадавхийг сайжруулжээ. Эдгээр үр дүн нь Google компани 2030 он гэхэд бүх дата төв, кампусаа 24/7 горимоор нүүрстөрөгчгүй эрчим хүчээр ажиллуулах зорилтын хамтаар цэвэр эрчим хүчний шилжилтийг дэмжих илүү өргөн хүрээний зорилгыг дэмжиж байна.
2025 онд уг хөтөлбөрийн хүрээнд Европ, АНУ-ын 29 стартап компани, гарааны бизнесүүд 140 сая гаруй ам.долларын хөрөнгө босгосон билээ. Уг амжилтын бататгах үүднээс тус хөтөлбөрийг хиймэл оюунд суурилсан эрчим хүчний инновацийг улам хурдасгах зорилгоор өргөжүүлж байна.
Дэлхийн эрчим хүчний инновацийн сүлжээг бий болгох нь
Google компани дээрх хөтөлбөрөөс гадна эрчим хүч, уур амьсгалын инновацийг дэмжих илүү өргөн хүрээтэй экосистемийг хөгжүүлж байна. Тус компани 2021 оноос хойш хэрэгжүүлж буй “Google for Start-Ups Accelerator: Climate Change” хөтөлбөр нь дэлхий даяар 83 гарааны бизнесийг дэмжиж, инженерийн туршлага, техникийн дэд бүтэц, дэлхийн түншлэлд хандах боломжийг олгож байна. Үүнийг дараах нэмэлт хөтөлбөрүүдтэй зэрэгцэн хэрэгжүүлж байна. Үүнд:
• Өндөр нөлөөлөлтэй хиймэл оюуны аппликейшнг хөгжүүлж буй компаниудад зөвлөгөө өгөх, үнэ төлбөргүй дэмжлэг үзүүлдэг “AI for Science” хөтөлбөр;
• НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцүүлэн дэлхийн 80 гаруй орны 800 гаруй стартап, гарааны бизнесийг дэмжихийг зорьдог “Start-ups for Sustainable Development” хөтөлбөр.
Эдгээр хөтөлбөр нь судалгаа, арилжааны инноваци, эрчим хүчний системийн өөрчлөлтийг хамтад нь холбодог. Google компани нь Google Cloud, Google Earth Engine, хүрээлэн буй орчны мэдээллийн сан, хиймэл оюуны загварчлал зэрэг хэрэгслүүдэд хандах боломжийг олгосноор эрчим хүчний саад бэрхшээл, сорилтыг бууруулж, улмаар эрчим хүчний сүлжээний дэд бүтцийг бэхжүүлэх, хүлэмийн хийн ялгарлыг бууруулах, илүү аюулгүй, өргөжих боломжтой дэлхийн эрчим хүчний системийг дэмжих чадвартай технологиудыг хөгжүүлэхэд ихээхэн анхааран ажиллаж байна.
Эх сурвалж: https://energydigital.com/news/googles-ai-start-up-support-for-sustainable-energy-security



