
АНУ-ын анхны бүрэн интеграцчилагдсан нарны эрчим хүчний үйлдвэр ашиглалтад орсноор 1.3 сая өрхийг эрчим хүчээр хангах юм. Qcells компани Жоржиа мужийн Картерсвилл дэх шинэ үйлдвэртээ одоогоор нарны зай үйлдвэрлэж байгаа бөгөөд 2026 оны 3 дугаар улирал гэхэд үйлдвэрлэлийн бүх шугам бүрэн хүчин чадлаараа ажиллаж, ингот/блок (цэвэршүүлсэн цахиурыг хайлуулж, царцаасан том цилиндр эсвэл дөрвөлжин хэлбэртэй цул блок) нарны хавтан, вейфер/нимгэн зүсмэл (тусгай алмазан утсаар инготыг маш нимгэн хуудас болгон зүссэн бэлдэц бөгөөд нарны зай болон микрочип хийх гол суурь болдог), нарны зай зэргийг нэг дор үйлдвэрлэх аж. Ингэснээр Картерсвиллийн талбай нь АНУ-ын түүхэн дэх хамгийн том ажиллаж буй нарны зайн үйлдвэр болох юм. Байгууламжийн модулийн угсралтын үйл ажиллагаа бүрэн хүчин чадлаараа ажиллаж, өдөр бүр 16,700 орчим нарны зайн хавтан үйлдвэрлэж байна. Харин бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлмэгц ингот/блок, вейфер/нимгэн зүсмэл, нарны зай тус бүр жилд 3.3 ГВт хүчин чадалтай, мөн 3.5 ГВт нарны хавтанг үйлдвэрлэх аж. Уг үйлдвэрийг Жоржиа мужийн Далтон хотод байрлах тус компанийн өргөтгөсөн үйлдвэрлэлийн байгууламжтай хослуулснаар Qcells компанийн АНУ дахь модулийн нийт үйлдвэрлэлийн хүчин чадал энэ оны 3 дугаар улирлын эцэс гэхэд жилд 8.6 ГВт хүрнэ гэж тооцоолж байна. Тус компанийн мэдээлснээр энэ нь ойролцоогоор 1.3 сая өрхийн жилийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангахад хангалттай аж. Энэхүү хөрөнгө оруулалт нь Жоржиа мужид олон мянган ажлын байрыг бий болгох төлөвтэй байна. Тухайлбал, Картерсвилл, Далтоны үйлдвэрүүд хамтдаа 4000 орчим ажилтан, түүний дотор Бартоу, Витфилд мужуудад 3800 орчим ажлын байрыг бий болгоно. Qcells компанийн Картерсвиллийн үйлдвэр нь АНУ-д 10 гаруй жилийн хугацаанд баригдсан анхны үйлдвэр бөгөөд тус улсын хамгийн том ингот/блок, вейфер/нимгэн зүсмэл үйлдвэрлэх үйлдвэр гэж тодорхойлсон үйлдвэрийг багтаажээ.
Эх сурвалж: https://interestingengineering.com/



