Үндсэн агуулга руу очих
ERCHIMNET

Дата төвүүдийн цахилгаан хэрэглээ огцом өсөж байна

ЭрчимНэт портал2 мин уншина
Дата төвүүдийн цахилгаан хэрэглээ огцом өсөж байна
2026 оны 4-р сар | Олон улсын тойм

Дата төвүүдийн цахилгаан хэрэглээ огцом өсөж байна

2026 оны 4-р сар | Олон улсын тойм

Дэлхий даяар хиймэл оюун ухаан, үүлэн технологи болон цахим үйлчилгээний хурдацтай өсөлт нь дата төвүүдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг огцом нэмэгдүүлж, эрчим хүчний салбарт шинэ сорилтыг бий болгож байна. Улмаар эрчим хүчний хэрэглээ түүхэн дээд түвшинд хүрчээ. Олон улсын эрчим хүчний агентлагийн (IEA) мэдээлснээр 2025 онд дата төвүүдийн цахилгаан хэрэглээ 17%-иар өссөн бөгөөд хиймэл оюуны дата төвүүдийн хэрэглээ үүнээс ч ихээр өссөн аж. Дата төвүүд эрчим хүчний хэрэглээний гол шинэ хэрэглэгч болж, эрчим хүчний хэрэглээ өсөхөд генератив хиймэл оюун болон том хэлний загваруудын өсөлт, үүлэн тооцоолол, стриминг, нийгмийн сүлжээний платформуудын хэрэглээ, өндөр хүчин чадалтай GPU серверүүдийн эрэлт нэмэгдсэнтэй холбоотой аж. Дата төвүүд нь орчин үеийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болж байгаа ч тэдгээрийн эрчим хүчний хэрэглээ нь эрчим хүчний салбарт шинэ дарамт, шинэ боломжийг зэрэг авчирч байна.

Дата төвүүд зарим бүс нутгийн эрчим хүчний дэд бүтцэд бодит дарамт үүсгэж эхэлсэн байна. Тухайлбал, АНУ-ын Техас мужид эрчим хүчний эрэлт 2032 он гэхэд 4 дахин өсөх төлөвтэй байгаа, эрчим хүчний компаниуд дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж эхэлсэн, олон дата төв цахилгаан холболт авахын тулд олон жил хүлээж байгаа зэрэг нь эрчим хүчний системийг шинэчлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгааг илтгэнэ.

Олон улсын эрчим хүчний агентлагиаас дэвшүүлсэн таамаглалаар дата төвүүдийн цахилгаан хэрэглээ 2030 он гэхэд хоёр дахин өсөж, ~945 ТВт.цагт хүрэх бөгөөд энэ нь дэлхийн нийт цахилгаан хэрэглээний ойролцоогоор 3% болох аж. Мэдээж, хиймэл оюунд зориулсан эрчим хүчний хэрэглээ илүү хурдтай өсөх нь дамжиггүй. Үүнээс улбаалан цахилгаан сүлжээний ачаалал нэмэгдэх, эрчим хүчний үнэ өсөх, нүүрстөрөгчийн ялгаруулалт нэмэгдэх магадлал зэрэг асуудлууд үүснэ. Иймд дэлхий дахинаа сэргээгдэх эрчим хүчтэй дата төвүүдийг хөгжүүлэх, эрчим хүчний үр ашигтай технологи нэвтрүүлэх, “ногоон дата төв” концепц эрчимжүүлэх чиглэлд түлхүү анхаарч байна.

Ирэх жилүүдэд хиймэл оюун хөгжил, дата төвүүдийн цахилгаан хэрэглээний өсөлттэй холбоотойгоор эрчим хүчний бодлого, дэд бүтцийн төлөвлөлтийг шинэ түвшинд гаргах шаардлага тулгарч байна.

ЭрчимНэт: Мэдээг олон улсын мэдээллийн эх сурвалжуудыг ашиглан бэлтгэв.

Зургийг https://stockcake.com/

Хуваалцах:

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Нэвтэрч сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ