
Салхи нь агаарын даралт, температурын ялгаанаас үүсдэг байгалийн хөдөлгөөн юм. Салхины эрчим хүч нь байгалийн салхины хөдөлгөөнийг ашиглан цахилгаан үйлдвэрлэдэг сэргээгдэх эрчим хүчний нэг төрөл юм. Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, түлшний үнийн өсөлт зэрэг асуудал нэмэгдэж буй энэ үед салхины эрчим хүч нь хамгийн ирээдүйтэй цэвэр технологийн нэгээр тооцогдож байна. Хамгийн том салхин цахилгаан станцыг далайд байршуулдаг. Учир нь далай дээр салхи илүү хүчтэй, тогтвортой үлээдэг.
Салхин турбин нь салхины хөдөлгөөнийг ашиглан цахилгаан үйлдвэрлэдэг.
Үндсэн ажиллагаа нь:
Салхи турбины сэнсийг эргүүлнэ. Салхи үлээхэд турбины аварга том далбаа хэлбэртэй ирүүд (хутгуур) нисэх онгоцны далавчтай төстэй аэродинамик зарчмаар эргэлдэж эхэлдэг.
Эргэлтийн хөдөлгөөн генераторт дамжина. Ирүүд эргэх хөдөлгөөн нь тэнхлэгээр дамжин цамхагийн дотор байрлах генератор руу хүрдэг.
Генератор механик энергийг цахилгаан болгон хувиргана. Генераторын дотор соронзон орон дотор эргэдэг ороомог байдаг. Энэ эргэлт нь "цахилгаан соронзон индукц" гэх физикийн энгийн хуулиар дамжуулан цахилгаан гүйдэл үүсгэдэг.
4. Үүссэн цахилгаан дамжуулах шугамаар хэрэглэгчдэд хүрдэг.
Салхины эрчим хүч дэлхий даяар хурдацтай хөгжиж байгаа нь дор дурдсан зүйлтэй холбоотой. Үүнд:
Шавхагдашгүй, үнэгүй нөөц: Салхи хэзээ ч дуусдаггүй, түүхий эд худалдаж авах шаардлагагүй.
Цэвэр, ногоон сонголт: Салхин цахилгаан станц нь ажиллах явцдаа утаа, тоос, хүлэмжийн хий огт ялгаруулдаггүй.
Салхины парк нь маш өндөрт байрладаг тул доорх газар нь мал аж ахуй, газар тариалангийн салбарт бүрэн боломжтой.
Салхины эрчим хүчний давуу тал:
Байгальд ээлтэй: Салхины эрчим хүч нь нүүрс, газрын тос, байгалийн хий зэрэг чулуужсан түлш ашигладаггүй тул хүлэмжийн хий бараг ялгаруулдаггүй.
Сэргээгдэх эх үүсвэр: Салхи байгалиасаа тасралтгүй бий болдог тул шавхагдахгүй эх үүсвэр юм.
Түлшний зардалгүй: Салхины цахилгаан станцыг ажиллуулахад түлш шаардлагагүй .
Эрчим хүчний аюулгүй байдал: Дотоодын сэргээгдэх эх үүсвэрийг ашигласнаар импортын түлшний хамаарал буурч, эрчим хүчний хараат бус байдал нэмэгддэг.
Салхины эрчим хүчний сул тал:
Тогтворгүй байдал: Салхи үргэлж үлээдэггүй, бас үргэлж ижил хүчтэй байдаггүй тул цахилгаан үйлдвэрлэл хэлбэлздэг. Иймд зай хураагуурын технологи (аккумулятор) эсвэл бусад эх үүсвэртэй хослуулах хэрэгцээ гардаг.
Их хэмжээний талбай шаарддаг: Том хэмжээний салхин парк байгуулахад өргөн уудам газар хэрэгтэй.
Эхний хөрөнгө оруулалт өндөр: Турбин, дэд бүтэц, дамжуулах шугамын өртөг өндөр байдаг.
Шуугиан ба байгаль орчин: Том турбинууд тодорхой хэмжээний дуу чимээ гаргадаг. Түүнчлэн шувуу, сарьсан багваахай зэрэгт аюул учруулж болзошгүй. Орчин үед технологи ашиглан далбааны эргэлтийг удаашруулах, байршлыг зөв сонгох замаар ийм нөлөөллийг бууруулж байна.
Харагдац: Салхин сэнсний станц, цогцолборын харагдах байдал, үзэмж нь тухайн газар нутгийн тогтоц, хүрээлэн буй орчинтой бүрэн нийцэхгүй байж болно.
Салхины эрчим хүч нь цэвэр, сэргээгдэх, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний чухал эх үүсвэр юм. Салхины эрчим хүч цаашид батарейн хуримтлуур, ухаалаг сүлжээ, хиймэл оюун ухаанд суурилсан удирдлага зэрэг технологитой хослон хөгжих төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, технологи ашиглан салхины чиглэл, хурдыг тооцоолж, далбаагаа автоматаар тохируулж, хамгийн өндөр үр ашигтай ажиллуулж байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар салхи болон нарны эрчим хүч нь ирээдүйн дэлхийн эрчим хүчний системийн гол тулгуур болох магадлал өндөр байна. Технологийн хөгжил, хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр салхины эрчим хүчний өртөг буурч, хэрэглээ нь дэлхий даяар улам өргөжсөөр байна. Энэ нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх болон тогтвортой хөгжлийг хангах чухал шийдлүүдийн нэг болж байна.
Зургийг https://www.barilga.mn/n/9490/



