
Эрчим хүчний эмзэг байдал (energy vulnerability) гэдэг нь эдийн засаг, нийгмийн болон дэд бүтцийн хүчин зүйлсийн улмаас өрх болон олон нийт эрчим хүчний ядууралд өртөх эрсдэл, өртөмтгий байдлыг илэрхийлдэг ойлголт юм. Энэ нь эрчим хүчний эмзэг байдал нь эрчим хүчний ядуурлаас арай өргөн ойлголт бөгөөд өрх, байгууллага эсвэл улс орон эрчим хүчний хомсдол, үнэ өсөлт, тасалдал зэрэг эрсдэлд өртөх магадлал ба чадваргүй байдлыг илэрхийлдэг.
Эрчим хүчний ядуурал нь тухайн үеийн хүртээмжгүй байдлыг тодорхойлдог бол, эрчим хүчний эмзэг байдал нь ирээдүйд эрчим хүчний хүртээмжийг хангахад тулгарч болзошгүй эрсдэл, хүндрэлийг урьдчилан харгалзан үздэг, айл өрхийн эрчим хүчний ядууралд өртөх эрсдэл болон эрчим хүчтэй холбоотой гэнэтийн цочролыг даван туулах чадавх зэрэг хүчин зүйлсийг илэрхийлдэг онцлогтой. Ийм эрсдэл, цочролыг давах чадвар нь эрчим хүчнээс үүдэлтэй ядуурлын дөнгөнд орохоос сэргийлэхэд чухал үүрэгтэй байдаг.
Эрчим хүчний эмзэг байдал гэдэг нь эрчим хүчний хүртээмж, үнэ, найдвартай байдалд үүсэх аливаа өөрчлөлтөд өртөмтгий байдал юм. Өөрөөр хэлбэл, одоогоор эрчим хүч хэрэглэж байгаа ч ирээдүйд хүртээмжгүй болох, төлж чадахгүй болох, тасалдах эрсдэлтэй байхыг хэлдэг.
Эрчим хүчний эмзэг байдал бий болгох олон хүчин зүйлс байдаг. Тухайлбал, эдийн засгийн хүчин зүйл (үүнд, өрхийн орлого бага байх, эрчим хүчний үнэ өсөх, орлогын ихэнхийг эрчим хүчинд зарцуулах гэх мэт), орон сууц, дэд бүтэц (үүнд, дулаан алдагдал ихтэй орон сууц, хуучин барилга, эрчим хүчний үр ашиг муу байх гэх мэт), байгаль орчин, уур амьсгал (хэт хүйтэн эсвэл хэт халуун бүс нутагт эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгддэг гэх мэт), эрчим хүчний системийн найдвартай байдал (цахилгаан тасалдал, эрчим хүчний сүлжээний дэд бүтцийн хөгжил муу, эрчим хүчний импортоос хэт хамааралтай гэх мэт), нийгмийн хүчин зүйл (ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, олон хүүхэдтэй өрх гэх мэт) зэрэг хүчин зүйлс байдаг. Жишээлбэл, манай улсын тухайд өвлийн улиралд -30°C болон түүнээс дээш хэм хүртэл хүйтэрдэг, гэр хороололд нүүрс их түлдэг, монгол гэр болон хуучин орон сууцнуудын дулаан алдагдал их зэрэг нь эрчим хүчний эмзэг байдал болно.
Сүүлийн арван жилд Монгол Улсад цахилгаан хангамж эрс сайжирч, хүн амын 96 хувь нь цахилгааны үйлчилгээ авдаг болсон (НҮБХС, 2023) ч нэмэгдэж буй эрэлтийг хангахад хүчин чадал муутай, хуучирсан дэд бүтэц нь цахилгаан хангамжийг өргөтгөхөд хүндрэл учруулж байна (Дэлхийн банк, 2020). Үүний улмаас Улаанбаатар хотын захад орших (алслагдсан) олон өрх, жижиг бизнесүүд найдвартай цахилгааны эх үүсвэргүй, эсвэл эрчим хүч нь тасалдах, чанар муутай байх асуудлуудтай тулгарч байна.
Зураг 1. Цахилгаан эрчим хүчгүй өрхийн тоо (бүсээр)

Дэлхийн улс орнууд эрчим хүчний эмзэг байдлыг гол төлөв дараах байдлаар шийдвэрлэдэг. Тухайлбал, төрийн бодлого, зохицуулалтын хүрээнд эрчим хүчний үнийн зохицуулалт хийх, эрчим хүчний хэрэглээнд хөнгөлөлт үзүүлэх, эмзэг бүлгийг дэмжих арга хэмжээг авч хэрэгүүлдэг. Технологийн тухайд сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэх, эрчим хүчний хадгалалт хийх, Smart grid технологи нэвтрүүлэх зэргээр шийддэг. Харин өрхийн түвшинд гэр, орон сууцны дулаалгыг сайжруулж, дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй үр ашигтай төхөөрөмж ашиглах зэргээр шийдэж болно.



