Үндсэн агуулга руу очих
ERCHIMNET

Өрхийн эрчим хүчний талаарх судалгааны үр дүн

ЭрчимНэт портал3 мин уншина
Өрхийн эрчим хүчний талаарх судалгааны үр дүн
НҮБХХ-өөс 2025 онд “Эмзэг бүлгийн өрхийн цэвэр эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх нь” судалгааны гол үр дүн.

НҮБХХ-өөс 2025 онд “Эмзэг бүлгийн өрхийн цэвэр эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх нь” судалгааны хүрээнд Улаанбаатар хот болон аймгийн төвийн гэр хорооллын 1,500 өрхийг хамруулсан судалгаагаар дараах гол үр дүн гарсан байна. Үүнд:

  • Орлого багатай өрхүүд эрчим хүчний зардлын ачааллыг илүү үүрдэг: Орлого багатай өрхүүд өвөлд дунджаар өрхийн сарын орлогын 26,7 хувийг эрчим хүчинд зарцуулдаг бөгөөд үүнд нүүрс, цахилгааны төлбөр хамгийн өндөр хувийг эзэлдэг. Харин өндөр орлоготой өрхийн хувьд дунджаар 6 орчим хувийг зарцуулж байна.

  • Бүс нутаг, газар зүйн байршлаас хамааран нэг өрхийн сард зарцуулж буй эрчим хүчний хэрэглээ ялгаатай байна. Баруун бүсийн иргэд сарын нүүрс болон тог цахилгааны хэрэглээндээ хамгийн их зарцуулж байгаа бол, төвийн болон говийн бүс хамгийн бага зарцуулалттай байна.

  • Гэр, сууцны дулаалгын хувьд өрхүүдийн ихэнх нь дэвшилтэт технологийн шийдэл бус, дулаалгын энгийн материалд тулгуурласан байна. Судалгаанд оролцогчдын 44.83 хувь нь тодорхой хэмжээний дулаалга хийсэн гэж хариулсан боловч зөвхөн 17.9 хувь нь орчин үеийн технологи ашиглажээ. Хамгийн түгээмэл арга нь ханын нэмэлт дулаалга болон дээвэр, таазны дулаалга байсан бол орчин үеийн шийдэл (технологи) ашигласан өрхүүдийн дунд цахилгаан халаагуур худалдан авах, зуухны шинэчлэл хийх нь түгээмэл байв.

  • Өрхүүд дулаалга болон халаалтын шийдэл сонгохдоо найдвартай байдал, ашиглалтын зардал, суурилуулалтын хялбар байдал, мэдээлэл авах боломжийг илүүд үзэж байна. Гэвч санхүүгийн бэрхшээл нь цэвэр, найдвартай эрчим хүчний системд шилжихэд хамгийн том саад хэвээр байна. Санхүүжилт дутмаг, зээлийн шаардлага төвөгтэй, сар бүрийн өндөр төлбөр зэрэг нь өрхүүдийг шинэчлэл хийхээс татгалзахад хүргэдэг. Харин дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах, эрүүл мэндийн эрсдлийг багасгах, хэрэглээний хялбар байдал зэрэг нь өөрчлөлт хийх хүчтэй сэдэл болж байна.

  • Судалгааны үр дүнгээс харахад Засгийн газрын татаас болон нийгмийн хамгааллын хөтөлбөрийн талаарх иргэдийн мэдлэг хангалтгүй байна. Судалгаанд оролцогчдын зөвхөн 11 хувь нь нүүрсний татаасын талаар, 27 хувь нь цахилгааны татаасын талаар, 10 хувь нь эмзэг бүлэгт чиглэсэн эрчим хүчний хөнгөлөлтийн талаар мэдээлэлтэй байсан бол 71 хувь нь шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтийн талаар мэдэж байв.

  • Нийгмийн халамжийн үйлчилгээний үр нөлөөнд итгэх итгэл сул байна. Судалгаанд оролцогчдын 56 хувь нь халамжийн хөтөлбөрүүд зорилтот өрхөд хүрдэггүй гэж үзсэн, 44.67хувь нь үйлчилгээнд хамрагдахад хүндрэлтэй гэж хариулсан. Мөн 37 хувь нь шалгуур хангасан олон өрх хөтөлбөрөөс хасагддаг гэж үзсэн.

  • Ганцаараа амьдарч буй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй өрх болон орлого багатай олон ам бүлтэй өрх эрчим хүч худалдан авахад хамгийн их саад бэрхшээлтэй тулгарч байна. Өвлийн улиралд гэрээ халаах, болон эрчим хүч худалдан авахад олон ам бүлтэй буюу 5 болон түүнээс дээш хүүхэдтэй өрхүүдийн 90 хувь нь хүндрэл бэрхшээлтэй хэмээн хариулсан байна.

  • Бодлогын хувьд иргэд өвлийн улиралд цахилгааны үнийн хөнгөлөлт олгох, дулаалгаа шийдэхэд туслах бага хүүтэй зээл олгох, дэд бүтцийг сайжруулан нийтийн халаалтад холбогдох, цахилгаан станцыг нэмэгдүүлэх, дулаалга болон эрчим хүчээ үр ашигтай хэрэглэхэд чиглэсэн мэдлэг мэдээллийг хамгийн их ашиг тустай гэж үнэлсэн.

  • Олон нийтийн оролцоо: Судалгаанд оролцогчид эрчим хүчний талаарх хэлэлцүүлэг, шийдвэр гаргах үйл явцад идэвхтэй оролцох сонирхолтой байна. Тэд телевиз, нийгмийн сүлжээгээр мэдээлэл авахыг илүүд үзэж, орон нутгийн уулзалт болон удирдлагуудтай биечлэн уулзах нь цахим хэлэлцүүлгээс илүү үр дүнтэй гэж үзсэн байна.

 

Зургийг https://pngtree.com/ сайтаас авав.

 

Эх сурвалж: НҮБХХ, “Эмзэг бүлгийн өрхийн цэвэр эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх нь” тайлан, 2025 он. https://www.undp.org/sites/g/files/zskgke326/files/2025-09/empowering_vulnerable_households_to_access_affordable_and_clean_energy_final_mng.pdf

Хуваалцах:

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Нэвтэрч сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ