
Дэлхийн цахилгаан эрчим хүчний эрэлт 2024 онд 4.3%-иар өссөн нь 2023 оны 2.5%-ийн өсөлтөөс мэдэгдэхүйц нэмэгдсэн үзүүлэлт юм. 2010-2023 онуудад цахилгаан эрчим хүчний эрэлтийн дундаж өсөлт 2.7% байсан нь нийт эрчим хүчний эрэлтийн өсөлтийн хэмжээнээс даруй 2 дахин их байв. Салбаруудын цахилгаанжуулалт эрчимжиж, 2024 онд ихэнх томоохон эдийн засагт цахилгаан эрчим хүчний эрэлт нэмэгдсэн байна.
Хятад улс цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлтийн хамгийн том хувийг эзэлж байсан ч дэлхий даяар өсөлт ажиглагдсан. 2024 онд бараг бүх бүс нутагт цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлтийн хурд 2012-2022 онуудын жилийн дундажтай харьцуулахад нэмэгдсэн байна. Дэлхий даяар цахилгаан эрчим хүчний хэрэглээ 1,080 ТВт-цагаар өссөн нь сүүлийн арван жилийн дундаж өсөлтөөс бараг 2 дахин их байна. Хятад улсад цахилгаан эрчим хүчний хэрэглээ 550 гаруй ТВт-цаг (7%)-аар өссөн нь өмнөх арван жилд (2013-2023) дэлхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний жилийн дундаж өсөлттэй бараг тэнцэх хэмжээний өсөлт бөгөөд энэ нь Хятадын өөрийнх нь дундаж өсөлтөөс хамаагүй өндөр байжээ.
2023 онд хөгжингүй эдийн засагтай орнуудын цахилгаан эрчим хүчний хэрэглээ 140 ТВт.цагаар буурсан нь зарим оронд аж үйлдвэрийн үйлдвэрлэл сул, цаг агаарын нөхцөл байдал дулаан байсантай холбоотой. 2024 онд энэ байдал эрс өөрчлөгдөж, АНУ-ын өсөлтийн нөлөөгөөр цахилгаан эрчим хүчний хэрэглээ 230 ТВт.цагаар өссөн. Хөргөлтийн эрчим хүчний эрэлт хэрэгцээ, дата төвийн салбарын өсөлт, аж үйлдвэрлэл сэргэж хөгжсөн нь энэ чиг хандлагын гол хүчин зүйлс болсон. Европын Холбооны цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2024 онд ойролцоогоор 1.5%-иар өссөн нь 2003-2023 онуудын дунджийн тэг орчим өсөлттэй харьцуулахад өндөр үзүүлэлт юм. Австрали, Солонгос зэрэг бусад хөгжингүй эдийн засагтай орнуудын цахилгаан эрчим хүчний эрэлт мөн огцом өссөн байна. Энэтхэг улсад цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлтийн хурд 2024 онд 2023 онтой харьцуулахад удааширсан нь 2023 оны хэт халуун цаг агаараас үүдэлтэй өндөр эрэлтийн дараах “хэвийнжилт” болсон гэсэн үг юм. Нөгөөтээгүүр, Зүүн Өмнөд Азид хэрэглээ 2024 онд 7%-иас дээш өссөн бол 2023 онд 4% орчим байсан.
Барилгын салбар нь 2024 онд цахилгаан эрчим хүчний эрэлтийг нэмэгдүүлж, 2023 онтой харьцуулахад 4 дахин хурдан өссөн. Дэлхийн хэмжээнд барилга байгууламжийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2024 онд 600 гаруй ТВт-цаг (5%)-аар өссөн нь цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээний өсөлтийн бараг 60%-ийг эзэлж байна. Гол хүчин зүйлст Хятад, Энэтхэг зэрэг орнуудад хэт халуунаас үүдэлтэй агааржуулагч, хөргөлтийн эрэлт нэмэгдсэн, шинэ дата төвүүдийн эрчим хүчний эрэлт нэмэгдсэн зэрэг орно. 2024 онд цахилгаан эрчим хүчний нийт эрэлтийн өсөлтийн бараг 40%-ийг аж үйлдвэрийн салбар бүрдүүлжээ. Аж үйлдвэрийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2024 онд бараг 4%-иар өссөн нь 2023 оныхоос нэг алхамаар өссөн үзүүлэлт бөгөөд энэ нь цахилгаан эрчим хүч ихтэй үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нэмэгдэж, аж үйлдвэрийн өсөлттэй холбоотой юм. Цахилгаан автомашины хэрэглээ тасралтгүй өссөн нь тээврийн салбарын цахилгаан эрчим хүчний хэрэглээг 2024 онд 8%-иас дээш хувиар өсгөсөн.
Эх сурвалж: IEA (2025), Global Energy Review 2025, IEA, Paris https://www.iea.org/reports/global-energy-review-2025, Licence: CC BY 4.0
