
Европ 2036 он гэхэд дотоодын үйлдвэрлэлээрээ дамжуулан литийн хэрэгцээгээ 78% хүртэл хангах боломжтой хэмээн тооцоолж байна. Үүнд, ашиглалтын хугацаа нь дууссан батарейн дахин боловсруулалт нь ирэх жилүүдэд литийн чухал эх үүсвэр болохгүй хэмээн үзэж байна. Тус бүс нутагт литийн үйлдвэрлэл, дахин боловсруулалт, хэрэглээний хэтийн төлөвийн талаар анхны цогц үнэлгээ хийсэн Шведийн Лунд их сургууль (Lund University) болон Стокгольмын Байгаль орчны хүрээлэн (Lund University and the Stockholm Environment Institute)-гийн судлаачид уг дүгнэлтийг гаргажээ. Өнөөдөр литийг цахилгаанжуулалтын эриний "шинэ тос" хэмээн нэрлэж, түүнгүйгээр цахилгаан тээврийн хэрэгсэл, эрчим хүчний хадгалах систем, зөөврийн электроникийн батарейг олноор үйлдвэрлэх боломжгүй гэж үздэг. Чулуужсан түлшийг аажмаар халахын хэрээр энэ металлын эрэлт хэрэгцээ улам нэмэгдэж байгаа хэдий ч үйлдвэрлэл нь цөөн тооны оронд төвлөрсөн хэвээр байна. Иймд литийн найдвартай хүртээмж нь Европт эрчим хүчний шилжилтийг амжилттай явуулах гол нөхцөл болж байна. Импортын хамаарлыг бууруулах төлөвлөгөөний хэрэгжих боломжийг үнэлж, судлаачид 2036 он хүртэл литийн ирээдүйн эрэлтийг шинжилж, Европын уул уурхайн төслүүдийн хэтийн төлөвийг үнэлж, ашиглалтын хугацаа дууссан батарейг дахин боловсруулснаар эдийн засагт эргэн орох магадлалтай литийн хэмжээг тооцоолсон. Үүнээс гадна судлаачид литийн агуулаагүй натрийн ионы батарей зэрэг шинэ төрлийн батарейн нөлөөллийг авч үзжээ. Цахилгаан тээврийн хэрэгсэл литийн гол хөдөлгөгч хүч хэвээр байж, суурь судалгаагаар 2036 он гэхэд жилийн эрэлтийн бараг 60%-ийг эзлэх төлөвтэй байна. Цахилгаан ачааны машин, фургон, цахилгаан сүлжээнд зориулсан эрчим хүчний хадгалах систем, электроникоос өгсүүлээд шил, керамик үйлдвэрлэл хүртэлх литийн бусад хэрэглээ нь эрэлтийн ихээхэн хувийг эзлэх болно. Судалгаагаар Европт дотоодын литийн үйлдвэрлэлд өндөр чадавх, боломжтой байгааг илрүүлж, Европын 9 оронд 20 орчим орд хөгжүүлэх төслийг тодорхойлжээ. Эдгээр ордыг бүгдийг нь хуваарийн дагуу хэрэгжүүлэх тохиолдолд Европын эх үүсвэрүүд эрэлтийн түвшингээс хамааран 2036 он гэхэд бүс нутгийн литийн эрэлтийн 78% хүртэлх хувийг хангах боломжтой. Түүнчлэн, 2030 он гэхэд Европын Холбоо дотоодын үйлдвэрлэлээрээ хэрэгцээнийхээ хамгийн багадаа 10%-ийг хангах зорилтоо биелүүлж чадна. Гэвч энэ хувилбар нь шинэ уурхайг хэр хурдан ашиглалтад оруулахаас ихээхэн хамаарах бөгөөд төслийн зөвшөөрөл олголт, хөрөнгө оруулалтад ямар нэгэн асуудал, саатал гарвал төлөвлөж буй түвшин буурч магадгүй юм. Судлаачдын батарейг дахин боловсруулах талаар гаргасан дүгнэлтээс харахад ашиглалтын хугацаа нь дууссан батарей нь ирэх жилүүдэд литийн хоёрдогч гол эх үүсвэр болж чадахгүй бололтой. Орчин үеийн батарей нь өмнө нь бодож байснаас хавьгүй удаан буюу дийлэнх нь 15-18 жил, түүнээс дээш хугацаанд ажиллах чадвартай хэвээр байна. Энэ нь батарейн нэлээд хэсэг нь Европын стандартын хөгжүүлэгчдийн таамаглаж байснаас хамаагүй хожуу дахин боловсруулагдана гэсэн үг юм. Шинэ батарей дахь дахин боловсруулсан литийн агууламжид тавигдах Европын шаардлагыг хангахад хангалттай ашиглалтын хугацаа дууссан батарей байхгүй болох ба Европын Холбоо үүнийг 2031 он гэхэд 6%, 2036 он гэхэд 12% хүртэл нэмэгдүүлэх зорилготой байна. Иймээс ирэх 10 жилд шинэ уул уурхайн төслүүд Европын литийн гол эх үүсвэр хэвээр байх бол түүхий эдийг илүү үр ашигтай ашиглах, батарейн өөр технологийг хөгжүүлэх нь эрэлтийн өсөлтийг хязгаарлахад тусална. Дахин боловсруулалт нь эдийн засгийн чухал элемент хэвээр байх боловч ойрын ирээдүйд бүс нутгийн түүхий эдийн бие даасан байдлыг хангахад оруулах хувь нэмэр нь өнөөдрийнхөөс хамаагүй бага байх ажээ.



