Үндсэн агуулга руу очих
ERCHIMNET

2025 онд дэлхий даяар борлуулагдсан 4 машин тутмын 1 нь цахилгаан байжээ

ЭрчимНэт портал3 мин уншина
2025 онд дэлхий даяар борлуулагдсан 4 машин тутмын 1 нь цахилгаан байжээ
Нийт цахилгаан автомашины борлуулалтыг 2024 онтой харьцуулахад 20%-иар өсөж, 20 саяыг давжээ.

2025 онд дэлхий даяар борлуулагдсан 4 машин тутмын 1 нь цахилгаан байжээ

Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA)-аас 2026 оны 5 дугаар сард гаргасан “Global EV Outlook 2026” тайланд дурдсанаар нийт борлуулалт 20 саяыг давж, өмнөх оноос 20%-иар өсчээ. Гэвч улс орнуудын хооронд шилжилтийн хурд харилцан адилгүй хэвээр байна. Уг тайланд тэмдэглэснээр 2025 онд дэлхийн нийт шинэ автомашины борлуулалтын 25% буюу 4 машин тутмын нэг нь цахилгаан хөдөлгүүртэй байжээ. Энэ үзүүлэлт нь 4 жилийн өмнөх үзүүлэлтээс даруй 2 дахин нэмэгдсэн байна.

Нийт цахилгаан автомашины борлуулалтыг 2024 онтой харьцуулахад 20%-иар өсөж, 20 саяыг давжээ. Ийнхүү Ковид-19 цар тахлын дараах 2021 оноос хойш борлуулалт жил бүр дунджаар 3.5 сая ширхгээр тогтмол нэмэгдэж, 5 жилийн турш үргэлжилж байна. Үүний үр дүнд дэлхийн нийт автомашины паркийн ойролцоогоор 5% нь цахилгаан болж, өдөрт 1.2 сая баррель газрын тосны хэрэглээг орлуулсан ажээ.

Our World in Data байгууллагаас Олон улсын эрчим хүчний агентлагийн өгөгдөлд үндэслэн боловсруулсан мэдээллээс харахад улс орнуудын ялгаа маш их байна. Норвеги улсад 2025 онд шинээр худалдаалагдсан машины 97% нь цахилгаан байсан бөгөөд үүний 98% нь бүрэн цахилгаан машин байжээ. Энэ нь Норвегийн засгийн газраас дэвшүүлсэн “2025 он гэхэд зөвхөн ялгаралгүй машин зарах” зорилтыг бараг бүрэн хангасан үзүүлэлт юм.

Норвег улсын дараа Дани (71%), Швед (61%) орж, дэлхийн хамгийн том автомашины зах зээл болох Хятад улс 2025 онд анх удаа цахилгаан машины эзлэх хувийг 50%-иар давуулж, 53%-д хүргэснээр түүхэн босгыг давав. Хятад улсад дотоодын үйлдвэрлэгчдийн хатуу өрсөлдөөн, харьцангуй боломжийн үнэ, олон шинэ загвар нэгэн зэрэг гарч ирсэн нь шилжилтийг хурдасгасан гол хүчин зүйл болсон байна.

Европын зах зээл 2025 онд хамгийн идэвхтэй өсөлттэй гарч, цахилгаан машины борлуулалт 30 гаруй хувиар нэмэгдэж, нийт борлуулалтын 28%-ийг эзэлжээ. Олон улсын эрчим хүчний агентлагаас үүнд Европын холбооны хатууруулсан CO2 хийн ялгаралтын стандарт шууд нөлөөлсөн гэж дүгнэжээ. Энэ үзүүлэлт Их Британид 35%, Германд 30%, Европын холбоонд дунджаар 27% байна.

Үүний эсрэгээр АНУ-д цахилгаан машины эзлэх хувь 10% орчимд тогтворжсон бөгөөд оны эцэст цахилгаан машинд олгож байсан татварын хөнгөлөлтийг зогсоосон нь борлуулалтад сөргөөр нөлөөлжээ. Австрали улс 15%-ийн үзүүлэлттэй гарсан бол Япон улсын тухайд ердөө 3%-д хүрсэн нь хамгийн доод үзүүлэлт байв.

Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоолсноор дэлхийн 40 орчим улсад цахилгаан машин нь шинэ машины нийт борлуулалтын 10 ба түүнээс дээш хувийг эзэлж буй нь хэрэглээний шилжилт өргөн хүрээгээр явагдаж байгааг харуулж байна. Уг тайланд дурдсан анхаарал татсан өөр нэг улс бол Турк юм. Тус улсад 2025 онд цахилгаан машины борлуулалт өмнөх онтой харьцуулахад даруй 2 дахин нэмэгдэж, 240 мянгад хүрснээр Герман, Их Британи, Францын дараа Европын 4 дэх том зах зээл болсон байна.

 

Эх сурвалж: International Energy Agency (IEA), Global EV Outlook 2026, Our World in Data

Зургийг хиймэл оюун ашиглан бүтээв.

Хуваалцах:

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Нэвтэрч сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ