Үндсэн агуулга руу очих
ERCHIMNET

Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний ашиглалт - 2025

ЭрчимНэт портал4 мин уншина
Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний ашиглалт - 2025
НҮБ-ын Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын хэрэгжилтийн үнэлгээ-2025 тайлангаас.

Усан цахилгаан станц

Үндэсний тодорхойлсон хувь нэмэрт (ҮТХН, NDC – Nationally Determined Contribution) усан цахилгаан станц (УЦС) ашигласнаар хүлэмжийн хийн ялгарал (ХХЯ)-ын бууралтыг тооцохдоо Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг 100 МВт чадалтайгаар 2023 онд, 315 МВт чадалтай Эгийн голын УЦС 2026 онд, Шүрэнгийн УЦС-ыг 300 МВт чадалтайгаар 2028 онд тус тус ашиглалтад орно гэж тооцсон. Одоогийн байдлаар эдгээр цахилгаан станцууд ашиглалтад ороогүй байна.

Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын УЦС: Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төслийн гуравдугаарт Эрдэнэбүрэнгийн УЦС 90 МВт-ын төсөл орсон. Уг төслийг хэрэгжүүлснээр жилд 366 сая кВтц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх ба баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 2027 оноос эхлэн баруун аймгуудын цахилгаан хэрэглэгчийг дотоодын цахилгаан эрчим хүчээр бүрэн хангана гэж уг хөтөлбөрт заасан. Монгол Улсын Засгийн газар 2024 оны 11-р сард Шанхай хотноо БНХАУ-тай Эрдэнэбүрэнгийн УЦС-ын тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурж 253 сая ам. долларын санхүүжилтийн асуудлыг эцэслэн шийдвэрлэж, 2025 оны хавар бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн болсныг засгийн газрын тэргүүн Улсын Их Хурлын индэр дээрээс мэдэгдсэн. Эрчим хүчний яамны төлөвлөж байгаагаар 2025 онд барилга угсралтын ажлын 30%, 2027 онд 80%, 2029 онд барилга угсралтын ажил дуусаж ашиглалтад орно.

Эгийн голын 310 МВт-ын УЦС: Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төслийн дөрөвдүгээрт Эгийн голын УЦС-ын төсөл орсон. Уг хөтөлбөрт “Эгийн голын 310 МВт-ын усан цахилгаан станцыг барина. Тус төслийг хэрэгжүүлснээр эрчим хүчний системийн найдвартай, тогтвортой, шуурхай ажиллагааг хангаж, системийн эх үүсвэрийн зохистой харьцааг бүрдүүлнэ. Оросын Холбооны Улсад жил бүр төлдөг 25 сая ам.долларын импортын төлбөрийг хэмнэнэ. Түүхий нүүрсний хэрэглээг жил бүр 438.7 мянган тонноор, ХХЯ-ыг 709 мянган тонноор бууруулна. 5.7 тэрбум шоо метр цэвэр усны нөөц бүрдүүлж, Монгол Улсын усан хангамжийн аюулгүй байдлыг хангана” гэж заасан. Эгийн гол дээр барихаар төлөвлөж буй Эгийн голын УЦС-ын Байгаль нуурт үзүүлэх нөлөөлөл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг Монгол улс, Оросын Холбооны Улсын Шинжлэх ухааны академийн эрдэмтэн судлаачид хамтран хийхээр 2024 оны 10-р сард хоёр орны байгаль орны сайд нарын түвшинд тохиролцсон. Эрчим хүчний яамны төлөвлөж байгаагаар 2026 онд Эгийн голын УЦС-ын төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажлыг дуусгах ба 2027 онд тус үнэлгээг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд хүргүүлж, холбогдох шийдвэрийг гаргуулаад 2028 онд санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх юм байна.

Шүрэнгийн 300 МВт-ын УЦС: Шүрэнгийн УЦС-ыг барих талаар одоогийн төр засгийн бодлого шийдвэрт тусгагдаагүй байна. 2024 оны байдлаар ТЭЗҮ-г боловсруулсан, Байгаль орчны ерөнхий үнэлгээ хийгдсэн. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний ажлын даалгавар боловсруулсан.

Салхин цахилгаан станц

ҮТХН2.0-ийн ХХЯ-ыг бууруулах төлөвлөгөөнд 2019 онд ашиглалтад орсон Сайншандын салхин цахилгаан станц (СЦС), 2017 онд ашиглалтад орсон Цэций СЦС-аас гадна Оюу толгойд 102 МВт, Говьсүмбэрт 50.4 МВт, Увсад 10 МВт, Завханд 5 МВт СЦС-ууд тус тус шинээр ашиглалтад орно гэж тооцсон. ҮТХН2.0-ийн ХХЯ-ыг бууруулах төлөвлөгөөнд орсон СЦС-уудын хэрэгжилтийн байдлыг доорх хүснэгтэд үзүүлэв.

Цэций Салхин Цахилгаан Станц: Тус бүр 2 МВт-ын хүчин чадал бүхий 25 салхин турбинаас бүрдсэн 50 МВт хүчин чадалтай Цэций СЦС нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс 22 км зайд байрладаг. Уг станц нь 2017 оны 10-р сард ашиглалтад орсон. Үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчээ Төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлдэг.

Сайншанд Салхин парк: 55 МВт чадалтай уг СЦС нь Дорноговь аймгийн Сайншанд сумаас зүүн хойд зүгт 5 км-т байрладаг. СЦС-ын нийт хөрөнгө оруулалт 117.5 сая ам.доллар. 2019 оны 9-р сард ашиглалтад орсон. Үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчээ Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээнд нийлүүлдэг. Хувийн хэвшлийн зүгээс Оюу толгойд 102 МВт, Говьсүмбэрт 50.4 МВт-ын төслүүдийг хувийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулахаар төлөвлөсөн боловч одоогоор хэрэгжиж эхлээгүй байна.

Салхин цахилгаан станцаас эрчим хүчний нэгдсэн системд нийлүүлсэн ЦЭХ болон ХХЯ-ын бууралтын тооцоог дээрх хүснэгтэд үзүүлэв. ХХЯ-ын бууралтыг тооцохдоо “Standardized Grid emission factor for Mongolia’s national electricity grid”2 ашиглав. Энэ эх сурвалжийн дагуу нар, салхины цахилгаан станцын төсөлд сүлжээний ялгарлын итгэлцүүрийг 0.871 т CO2/МВтц гэж авав. ХХЯ-ыг бууруулах тооцооноос харахад 50 МВт чадалтай Цэций НЦС нь жилд дунджаар 127.4–163.3 мян.т СО2-экв. бууруулж байгаа ба 2018-2023 оны хооронд 6 жилийн хугацаанд 605.3 мян.т СО2-экв. ХХЯ-ыг бууруулсан байна. Сайншанд Салхин парк 2020-2023 онуудад нийт 621.18 мян.т СО2-экв. ХХЯ-ыг бууруулсан байна.

Нарны цахилгаан станц

ҮТХН2.0-ийн дагуу ХХЯ-ыг бууруулахад хамрагдаж 2017-2024 оны хооронд нийт 12 нарны цахилгаан станц ашиглалтад орсон байна. Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж эрчим хүчний нэгдсэн системд нийлүүлэх зорилготой 22.7 МВт нийлбэр чадалтай том чадлын анхны хоёр нарны станц 2017 онд ашиглалтад орж байсан бол 2024 оны байдлаар 12 нарны цахилгаан станцын нийлбэр чадал 158 кВт хүрээд байна. Эдгээр НЦС-уудын эрчим хүчний нэгдсэн системд жил бүр нийлүүлсэн ЦЭХ хэмжээнд үндэслэн ХХЯ-ын бууралтыг тооцож доорх хүснэгтэд үзүүлэв.

Хүснэгтээс харахад 2017-2023 онд ашиглалтад орж сүлжээнд цахилгаан эрчим хүч нийлүүлсэн 9 НЦС 2018-2023 онуудад нийт 652.71 мян.т СО2-экв.-г бууруулсан байна.

Эх сурвалж: НҮБ, Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын хэрэгжилтийн үнэлгээ. Хураангуй. 2025 он. Тайлантай https://www.undp.org/sites/g/files/zskgke326/files/2025-12/ndc_stocktake_mon.pdf хаягаар хандан танилцана уу.

Хуваалцах:

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Нэвтэрч сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ