ЭрчимНэт: Дэлхийн эрчим хүч, эдийн засаг ба эрчим хүчний шилжилт

Каяагийн адилтгал (Kaya Identity) аргачлалаар дэлхийн бүс нутгууд болон БНХАУ, ОХУ, Монгол гэсэн гурван улсын эдийн засгийн өсөлт, эрчим хүчний (жич: энергийн) эрчимжилт, хүлэмжийн хийн ялгаралтын хамаарлыг харьцуулан шинжлэв. Каяагийн адилтгал нь нийт CO₂ ялгаралтыг эдийн засгийн гаралт, эрчим хүчний эрчимжилт (energy intensity) болон нүүрстөрөгчийн эрчимжилт (carbon intensity) гэсэн хүчин зүйлст задлан үздэг.

1. БНХАУ — Азийн өсөлтийн гол хөдөлгүүр
БНХАУ нь “Азийн тэсрэлт”-ийн цөм нь юм. 1990 онд тус улсын ДНБ ердөө 1.1 их наяд ам.доллар, CO₂ ялгаралт 2.4 Гт байсан бол 2024 онд ДНБ нь 18 их наяд (16 дахин), эрчим хүчний хэрэглээ 7.5-аас 47 ПВт.ц (6 дахин), CO₂ ялгаралт 2.4-өөс 12 Гт (5 дахин) болж тэлжээ. Энэ нь Азийн нийт 23.4 Гт ялгаралтын тал орчмыг бүрдүүлдэг.
Гэхдээ БНХАУ-ын эрчим хүчний эрчимжилт (АЭХ/ДНБ) 6,818-аас 2,611 болж бараг 3 дахин сайжирсан. Эдийн засгийн нэгж бүтээгдэхүүнд зарцуулах эрчим хүч огцом буурсан хэдий ч эдийн засгийн масштаб хэт том болсон тул нийт ялгаралт өсөхөөс зайлсхийж чадаагүй.
2. ОХУ — уналт ба нүүрстөрөгчийн сайжралт
ОХУ-ын зураглал бусдаас өвөрмөц байна. 1990 онд (Зөвлөлт Холбоот Улс задрахаас өмнөхөн) тус улсын CO₂ ялгаралт 2.3 Гт байсан бол 2024 онд 1.65 Гт болж буурчээ. Гэвч энэ нь нэн тэргүүнд 1990-ээд оны эдийн засгийн гүн уналттай холбоотой. Эдийн засаг нь дөнгөж 1.5 дахин өссөн (1,100-аас 1,650 тэрбум ам.доллар) бол эрчим хүчний хэрэглээ бараг өөрчлөгдсөнгүй (9.5-аас 9.8 ПВт.ц).
Хамгийн анхаарал татах зүйл нь ОХУ-ын нүүрстөрөгчийн эрчимжилт (CO₂/АЭХ) 242-оос 168 болж буурсан явдал юм. Учир нь тус улс нүүрснээс илүү бага нүүрстөрөгчтэй байгалийн хийг голлон ашигладаг бөгөөд 2024 онд хэрэглээний 55 хувийг хий эзэлж байна. Гэсэн хэдий ч эрчим хүчний эрчимжилт (АЭХ/ДНБ = 5,939) маш өндөр хэвээр буюу эдийн засаг нь эрчим хүчээ үрэлгэн ашигладаг хэвээр байгааг харуулна.
3. Монгол — нүүрсэнд тулгуурласан жижиг эдийн засаг
Монгол Улс масштабаараа дээрх орнуудаас олон зуу дахин жижиг тул түүний дүр төрх онцлог. 1990 онд ДНБ ойролцоогоор 4.5 тэрбум ам.доллар, CO₂ ялгаралт 0.013 Гт байсан бол 2024 онд ДНБ нь 16 тэрбум ам.доллар (3.5 дахин) болж, ялгаралт 0.021 Гт орчимд хүрчээ.
Монгол Улсын хувьд хамгийн чухал асуудал нь нүүрстөрөгчийн өндөр эрчимжилт юм. CO₂/АЭХ үзүүлэлт нь 1990 онд 371, 2024 онд 362 т/ГВт.ц байгаа нь бараг өөрчлөгдөөгүй бөгөөд дэлхийн хамгийн өндөр түвшний нэг хэвээр байна. Энэ нь тус улсын эрчим хүчний 80 гаруй хувийг нүүрсний дулааны цахилгаан станцууд бүрдүүлдэгтэй холбоотой. Эрчим хүчний эрчимжилт (АЭХ/ДНБ) 7,778-аас 3,625 болж 2 дахин сайжирсан нь эерэг боловч, Франц (919) эсвэл ЕХ (1,000)-той харьцуулахад маш үрэлгэн хэвээр байна.
Дүгнэлт
БНХАУ үр ашгаа эрчимтэй сайжруулсан ч масштабын улмаас нийт ялгаралтаа нэмэгдүүлсэн бол ОХУ хийд шилжсэнээр нүүрстөрөгчийн эрчимжилтээ бууруулсан ч энерги үрэлгэн хэвээр байна. Монгол Улс нүүрсэнд хэт тулгуурласнаар нүүрстөрөгчийн эрчимжилтээ бараг бууруулж чадаагүй. Гурвуулаа тоо хэмжээ, түлшний бүтэц, технологийн үр ашгийн хувьд Каяагийн адилтгалын ялгаатай хувилбарыг төлөөлж байна.
Монгол Улсын хувьд гол түлхүүр нь сэргээгдэх эрчим хүч (нар, салхи), усан болон усан цэнэгт (pumped Storage) цахилгаан станц, эрчим хүчний хуримтлуурын систем (BESS)-ийг сүлжээнд нэвтрүүлж, нүүрсний эзлэх хувийг бууруулах явдал юм. Францын цөмийн жишээ, Европын Холбооны сэргээгдэх эрчим хүчний жишээ нь Монголд эдийн засгийн өсөлтийг ялгаралтаас салгах (decoupling) боломжтойг харуулж байна.
Эх сурвалж ба тооцооны тайлбар
БНХАУ, ОХУ, Монгол Улсын тоонууд нь анхдагч хүснэгтийн (Energy Institute) аргачлалд тааруулж дараах эх сурвалжаас цуглуулсан ойролцоо тооцоо: ДНБ — Дэлхийн банк (2015 оны тогтмол $); CO₂ — Global Carbon Project / Our World in Data; эрчим хүч — Energy Institute Statistical Review 2024 ба Enerdata. Монгол улс хэмжээ багатай тул Energy Institute-ийн тоймд тусдаа ороогүй бөгөөд түүний тоонууд хамгийн их алдааны зэрэгтэйг анхаарна уу.


