Үндсэн агуулга руу очих
ERCHIMNET

Эрчим хүчний үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх

ЭрчимНэт портал3 мин уншина
Эрчим хүчний үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх
НҮБ-ын Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын хэрэгжилтийн үнэлгээ-2025 тайлангаас.

Цахилгаан дулаан дамжуулалт, түгээлтийн үр ашгийг дээшлүүлэх

ҮТХН 2.0-т авч үзсэн цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдлын суурь сценари болон алдагдлыг бууруулах сценарийг Хүснэгт 2.3-д үзүүлэв. Хүснэгтээс харахад суурь сценариар 2023 оны түвшинд 14.2% байна гэж үзсэн ба цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдлыг бууруулах арга хэмжээ авснаар алдагдлыг 2023 оны түвшинд 10.8% хүргэх зорилт тавьсан байна. Энэхүү зорилтын хэрэгжилтийг авч үзвэл цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдал 2020 онд 13.6% байсан жил бүр тогтмол буурсаар 2023 онд 12.18% болсон байна. Гэсэн хэдий ч энэ бууралт нь ҮТХН2.0-т тавьсан зорилтондоо хараахан хүрч чадаагүй байна.

Дулааны цахилгаан станцуудын дотоод хэрэгцээний цахилгааны хэрэглээг бууруулах

ҮТХН2.0-т авч үзсэн Дулааны цахилгаан станцуудын дотоод хэрэгцээний цахилгааны хэрэглээг суурь сценари болон ХХЯ-г бууруулах сценарийг Хүснэгт 2.5-д үзүүлэв. Хүснэгтээс харахад суурь сценариар 2023 оны түвшинд дотоод хэрэгцээ 13.4% байна гэж үзсэн ба дотоод хэрэгцээний цахилгаан хэрэглээг бууруулах арга хэмжээ авснаар станцуудын цахилгаан үйлдвэрлэлд дотоод хэрэгцээний эзлэх хувийг 2023 оны түвшинд 10.9% хүргэх зорилт тавьсан байна. Энэхүү зорилтын хэрэгжилтийг авч үзвэл дотоод хэрэгцээний цахилгааны хэрэглээ 2020 онд 13.3% байсан жил бүр тогтмол буурсаар 2023 онд 12.5% болсон байна. Гэсэн хэдий ч энэ бууралт нь ҮТХН2.0-т тавьсан 10.9% хүргэнэ гэсэн зорилтдоо хараахан хүрч чадаагүй байна.

ДЦС-уудын дотоод хэрэгцээнд ноогдох ХХЯ-ыг тооцохдоо ДЦС-ын нэг кВтц ЦЭХ-ний үйлдвэрлэлд ногдох СО2-н ялгарлын итгэлцүүрийг ашиглаж тооцов. Төвийн бүсийн нэгдсэн системийн ДЦС-ын хувьд энэ итгэлцүүр 0.75 кг СО2/кВтц байна. ДЦС-уудын дотоод хэрэгцээнд ноогдох ХХЯ-ыг тооцоог доорх хүснэгтэд үзүүлэв.

Шинээр баригдах нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудад орчин үеийн өндөр үр ашигтай технологи ашиглах

ҮТХН2.0-т шинээр барихаар төлөвлөж байгаа нүүрсээр ажилладаг Цахилгаан Станцуудад (ЦС) супер критикал, хэт супер критикал даралтат технологи ашиглана гэж тооцсон. Шинээр барихаар төлөвлөж байсан Таван толгойн ЦС, Багануурын ЦС, Бөөрөлжүүтийн ЦС-уудаас өнөөдрийн байдлаар 300 МВт чадалтай Бөөрөлжүүтийн ЦС-ын 150 МВ чадалтай эхний блок ашиглалтад орж, эрчим хүчний нэгдсэн системд цахилгаан эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Гэвч Бөөрөлжүүтийн ЦС нь эрчим хүчний өндөр үр ашигтай супер критикал даралтын технологи ашиглаагүй одоо манай дулааны цахилгаан станцуудад ашиглаж байгаа ердийн өндөр даралтын (subcritical) технологи ашиглаж баригдсан. Иймд Бөөрөлжүүтийн ЦС нь ХХЯ-ыг бууруулах сценари болж чадахгүй, цаашид зөвхөн суурь сценарид тооцогдох болно.

Аймгийн төвүүдийн дулаан хангамжийг сайжруулах

ҮТХН2.0-ийн ХХЯ-ыг бууруулах сценарит 10 аймгийн төвд өндөр үр ашигтай дулааны станц барих замаар дулаан хангамжийн үр ашгийг сайжруулах төсөл орсон. Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар, Төв аймгуудын төвд одоо ашиглаж байгаа хуучирсан 40%-ийн үр ашигтай халаалтын зуухыг орчин үеийн өндөр үр ашигтай (85%) зуухаар сольсноор зууханд түлэх нүүрсийг 30% хэмнэнэ гэж тооцоолсон байна. Эдгээр аймгуудын төвийн дулаан хангамжийг сайжруулах төслийг 2021 оноос хэрэгжүүлж эхэлнэ гэж тусгасан. Гэвч 2024 оны байдлаар төлөвлөсөн дулааны станцууд ажиллаж эхлээгүй, бэлтгэл ажил нь хийгдэж байна. Эрчим хүчний яамны мэдээлж байгаагаар Архангай аймгаас бусад 9 аймагт төслийн талбай дээр барилгын суурийн ажлууд бүрэн дуусаж, зуухны үндсэн барилгын ган каркас угсралтын ажлууд хийгдсэн. Архангай аймагт гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт хийгдээгүй, ажил эхлээгүй байна.

Сумын төвийн дулаан хангамжийг сайжруулах

Сумын төвийн дулаан хангамжид эрчим хүчний өндөр үр ашигтай халаалтын зуухнуудыг нэвтрүүлэх арга хэмжээг ҮТХН2.0-т тусгасан. Эрчим хүчний өндөр үр ашигтай халаалтын зуух нь одоо сумын төвүүдэд ашиглаж байгаа зуухнуудын нүүрсний хэрэглээнээс 40%-иар бага нүүрс хэрэглэх ба ийм халаалтын зуухыг 2030 оны түвшинд 100 суманд хэрэгжүүлнэ гэж үзсэн. Гэтэл энэ арга хэмжээний талаар ямар нэгэн төсөл хөтөлбөр хэрэгжээгүй, Эрчим хүчний яам энэ талаар тодорхой мэдээлэлгүй байна.

 

Эх сурвалж: НҮБ, Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын хэрэгжилтийн үнэлгээ. Хураангуй. 2025 он. Тайлантай https://www.undp.org/sites/g/files/zskgke326/files/2025-12/ndc_stocktake_mon.pdf хаягаар хандан танилцана уу.

Хуваалцах:

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Нэвтэрч сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ