Асуулт
Суурилагдсан хүчин чадал нь 20 кВт дээш сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг сүлжээнд хэрхэн холбох вэ?
Хэрэглэгчээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журмын 4.2-т зааснаар суурилагдсан хүчин чадал нь 20 кВт дээш үүсгүүрийг дараах дарааллын дагуу сүлжээнд холбоно. Үүнд:
Хэрэглэгч нь техникийн нөхцөл авах хүсэлтийг түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчид гаргана. Түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хүсэлтийг ажлын 10 хоногийн дотор судалж, техникийн нөхцөл олгох эсэх талаар хариу мэдэгдэнэ;
Олгосон техникийн нөхцөлийн дагуу ажлын зургийг холбогдох эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар гүйцэтгүүлнэ. Эрчим хүчний эрх бүхий байгууллага нь зураг төслийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор магадлал хийнэ (Зураг төсөл гүйцэтгэгч байгууллагыг холбогдох байгууллагуудтай зөвшилцөн тогтооно);
Угсралтын ажлыг батлагдсан ажлын зургийн дагуу гүйцэтгэсний дараа гүйцэтгэгч болон зураг төсөл гүйцэтгэгч байгууллага нь Маягт №1-ийн дагуу шалгах хуудсыг бөглөж, баталгаажуулан сүлжээнд холбуулах хүсэлтийн хамт ТХТЗЭ-д хүргүүлнэ;
Түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор гүйцэтгэгч болон захиалагчийн хамт газар дээр нь шалгалт хийж, тоолуурт лац тавьж, сүлжээнд холбох эсэхийг шийдвэрлэнэ;
Сүлжээнд холбох шаардлага хангасан тохиолдолд Түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ажлын 3 хоногийн дотор цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд нэмэлт оруулна.
Уг журмыг https://legalinfo.mn/mn/detail?lawId=17435745454932&showType=1 хаягаар хандан үзэж болно.
