Асуулт
Нэгдсэн сүлжээний хэмжээнд хяналт хэмжилтийг хэрхэн хийх вэ?
Цахилгаан эрчим хүчний хяналт, хэмжилтийн зорилго нь нэгдсэн сүлжээнд цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний балансыг бодит байдлаар үнэн зөв тогтоох, цахилгаан дамжуулах, түгээх шугам сүлжээний эрчим хүчний алдагдлын хэмжээг тодорхойлох, шугам, тоноглолын хүчин чадлын ашиглалтыг тодорхойлох, давтамжаар ачаалал хөнгөлөх автоматикт хамрагдсан шугамуудын чадлыг бодит байдлаар тодорхойлох, хяналтын цэгүүд дээрхи хүчдлийн түвшинг шалгах, хэмжүүрүүдийн нарийвчлалыг шалгаж алдааг илрүүлэхэд оршино. Эрчим хүчний нэгдсэн сүлжээний дүрмийн 3.3.2-т зааснаар:
· Нэгдсэн сүлжээний их, бага ачааллын хяналт хэмжилтийг өвлийн их ачааллын ба зуны бага ачааллын үед жилд хоёр удаа явуулна.
· Хяналт хэмжилт явуулах өдрийг ДҮТ-ээс тогтоож 10 хоногийн өмнө нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсгүүдэд урьдчилан мэдэгдэнэ.
· Нэгдсэн сүлжээний хяналт хэмжилтийг өвлийн их ачааллын үед хяналт хэмжилт хийх сонгосон өдрийн 03:00, 10:00, 19:00 цагуудад, зуны бага ачааллын үед хяналт хэмжилт хийх сонгосон өдрийн 03:00, 10:00, 21:00 цагуудад нэгдсэн сүлжээний хэмжээнд нэгэн зэрэг явуулна.
· Нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсгүүдийн техникийн дээд удирдлагууд нь хяналт хэмжилтийг удирдах бөгөөд хэмжилт хийх бүх цэгүүд дээр хяналт тавих ажлын хэсгийг томилон шаардлагатай бусад арга хэмжээг зохицуулах үүрэгтэй.
· Ажлын хэсэг нь хэмжилтэд хамрагдах бүх цэгүүдийн хэмжүүрийн байдлыг урьдчилан шалгаж бүрэн бүтэн байдал, хэмжүүрийн алдааг зохих түвшинд байлгах зэрэг техникийн бэлэн байдлыг хангуулж хэмжилт хийх хүснэгтийг бэлтгэж, шаардлагатай газруудад тавих лабораторын болон үлгэр жишээ хэмжүүрүүдийг байрлуулсан байна.
· Ажлын хэсгийн ахлагч нь хяналт хэмжилтэнд оролцох бүх хүмүүст зааварчлага өгч, хэмжилт эхлэхээс өмнө ДҮТ-ийн диспетчертэй цагаа тохируулсан байна.
· ДҮТ-ийн диспетчер нь хэмжилт эхлэхээс 10-30 минутын өмнө бүх объектуудын цагийг тохируулж нэгэн зэрэг хэмжилт хийж эхлэх зохион байгуулалтын арга хэмжээ авсан байна.
· Үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгчийн хооронд урсаж байгаа цахилгаан эрчим хүчийг нэг цаг минутад хэмжиж үйлдвэрлэл хэрэглээний балансад байнгын хяналт тавих техникийн нөхцөл бололцоогоор ДҮТ хангагдсан байна.
· Нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсгүүд нь хяналт хэмжилт явуулах цэг бүрийг техникийн шаардлага хангасан хэмжих хэрэгсэл, тоолуураар тоноглох техникийн арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
· Нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсгүүд нь явуулсан хяналт хэмжилтийн үр дүнг нэгтгэн боловсруулж ДҮТ ХХК-нд ажлын 10 хоногт багтаан ирүүлнэ.
Эрчим хүчний нэгдсэн сүлжээний дүрмийг https://legalinfo.mn/mn/detail?lawId=205477 хаягаар хандан үзэж болно.
