Асуулт
Нэгдүгээр зэргийн сааталд ямар саатлыг авч үздэг вэ?
Эрчим хүчний нэгдсэн сүлжээний дүрмийн 13.2.4-т зааснаар:
Гэмтлийн улмаас үндсэн тоноглол /Уурын болон ус халаагуурын зуух, турбин, генератор, дизелийн агрегат, бүх төрлийн цахилгаан станцын ерөнхий холболтын систем ба хүчний трансформатор, 35 кВ ба түүнээс дээш хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам, дэд станцын холболтын систем, шүнтлэгч реактор/-ыг зайлшгүй зогсооход хүргэж засварт 3-аас 25 хүртэл хоног зогсоох.
Эрчим хүчний үйлдвэрүүдийн тоноглолын гэнэтийн зогсолтоос болж давтамж 49,5 Гц–ээс доош буурах.
Цахилгаан станц нийт ачаалалын 50 ба түүнээс дээш хувийг хаях.
Эрчим хүчний нэгдсэн сүлжээ хэд хэдэн хэсэг болж хэрэглэгчдийг хязгаарлах.
6 кВ ба түүнээс дээш хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам байгалийн гамшгаас болж гэмтэх, бусад шалтгаанаар хязгаарлах зэргээс болж тухайн хуваарилах сүлжээний нийт чадлын 20 хүртэлх хувийг таслах.
Халаалтын улирлын үед дулааны эх үүсвэр, дулааны төв шугам, түүний хэсэг 2-оос 5 цаг хүртэл бүрэн зогсоох.
Цахилгаан сүлжээний горим зөрчигдсөн, гэмтэл гарсны улмаас төв суурин газрын 1, 2-р зэрэглэлийн хэрэглэгчдийг 4-өөс 12 цаг хүртэл хугацаагаар эрчим хүчээр таслах.
Цахилгаан сүлжээний горим зөрчигдсөн, гэмтэл гарсны улмаас 3-р зэрэглэлийн хэрэглэгчдийг доорх хугацаагаар эрчим хүчээр таслах. Үүнд: ТЗЭ-ийн үйлчилгээний цэгээс гэмтэл гарсан байршил хүртэл 20 км хүртэл зайтай тохиолдолд хэрэглэгчдийг 4-өөс 12 цаг хүртэл хугацаагаар таслах, 20-40 км хүртэл 8-аас 16 цаг, 40-80 км хүртэл 14-өөс 22 цаг, 80-150 км хүртэл 20-оос 28 цаг, 150-250 км хүртэл 36-аас 44 цаг, 250 км буюу үүнээс дээш зайтай тохиолдолд хэрэглэгчдийг 48-аас 56 цагаар эрчим хүчээр таслах.
Шингэн буюу хийн байдалтайгаар ашиглагддаг химийн хорт бодис алдагдаж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн.
Эрчим хүчний нэгдсэн сүлжээний дүрмийг https://legalinfo.mn/mn/detail?lawId=205477 хаягаар хандан үзэж болно.
