НҮБХХ-өөс эмзэг бүлгийн өрхийн цэвэр эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр өгсөн зөвлөмж
НҮБХХ-өөс 2025 онд гаргасан “Эмзэг бүлгийн өрхийн цэвэр эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх нь” тайланд Монгол Улсад эмзэг бүлгийн өрхийн цэвэр эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах зөвлөмжийг өгчээ.
I. Эрчим хүчний дэмжлэгийн арга хэмжээг үндэсний нийгмийн хамгааллын тогтолцоонд нэгтгэж, бэхжүүлэх
Эрчим хүчний зохицуулах хорооны эмзэг бүлгийн өрхөд чиглэсэн цахилгааны хөнгөлөлтийн схемийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хэрэгжүүлдэг нийгмийн халамжийн хөтөлбөрүүдтэй уялдуулан сайжруулах. Ингэснээр хамрах хүрээ илүү зорилтот, илүү үр нөлөөтэй болж, давхардал багасна.
Одоогоор зөвхөн ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамаарч буй түлшний татаасын хамрах хүрээг өргөтгөж, бага орлоготой өрх, ганц бие эцэг/ эх болон олон хүүхэдтэй өрхүүдийг хамруулах. Ингэснээр тэтгэмжийн хүртээмж, тэгш шударга байдал сайжирна.
Орлого болон олон хэмжүүрт эмзэг байдлын үзүүлэлт бүхий PMT тестийн аргачлал ашиглаж, эрчим хүчний дэмжлэг нэн тэргүүнд шаардлагатай өрхүүдийг тодорхойлох замаар хамрах хүрээг илүү оновчтой болгох.
Хүнсний эрхийн бичиг хөтөлбөрийн үр өгөөж, уян хатан байдлыг нэмэгдүүлж, нүүрс, түлээ зэрэг эрчим хүчний зайлшгүй хэрэглээнд хэсэгчлэн ашиглах боломж бүрдүүлэх.
Одоогийн нийгмийн халамжийн хөтөлбөрүүдэд иж бүрэн үнэлгээ хийж, тэдгээрийн үр нөлөө, жендэрийн тэгш байдалд дүн шинжилгээ хийж, өрхүүд хөтөлбөрөөс гадуур үлдэх, эсвэл хамрагдлын алдаа гарах эсэхийг тодорхойлох.
Нийгмийн халамжийн үйлчилгээнд иргэдийн хамрагдалтыг сайжруулахын тулд өргөдөл гаргах үйл явцыг хялбарчилж, хорооны нийгмийн ажилтан, халамжийн ажилтнуудын чадавхийг бэхжүүлснээр иргэдэд мэдээллийг цаг тухайд нь, ойлгомжтой хүргэх.
II. Татаас болон санхүүгийн хэрэгслээр дамжуулан цэвэр эрчим хүчний хүртээмжийг сайжруулах
Одоогийн эрчим хүчний татаасын тодорхой хэсгийг дахин чиглүүлж, өрхийн дулаалга, зуухны шинэчлэл болон цахилгаан халаалтын технологид хийх хөрөнгө оруулалтыг дэмжих хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж зэрэг санхүүжилтийн механизмаар хангах.
Ногоон зээлийн шалгуур болон өргөдөл гаргах үйл явцыг энгийн болгож, барьцааны шаардлага болон захиргааны хүндрэлтэй нөхцөлийг бууруулснаар бага орлоготой өрхүүдийн хүртээмжийг нэмэгдүүлэх.
Бүс нутгийн эрчим хүчний зардал болон эмзэг байдлын ялгааг харгалзан, зорилтот татаас болон тохирсон үйлчилгээ бүхий бүсчилсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх.
Эрчим хүчний хэмнэлтийн хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх (ялангуяа баруун бүс болон бусад хөдөө орон нутагт).
III. Эрчим хүчний талаар олон нийтийн мэдлэг ойлголтыг сайжруулж, зан үйлийн өөрчлөлтийг дэмжих
Эрчим хүчний татаас, хөнгөлөлт болон хэмнэлтийн хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг өрхүүдэд хүргэхийн тулд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон орон нутгийн сувгийг ашиглан мэдээлэл сурталчилгааны кампанит ажлыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх.
Эрчим хүчний үр ашигтай хэрэглээг дэмжих, цэвэр технологи нутагшуулахад чиглэсэн зан үйлийг өөрчлөх мэдээлэл харилцааны стратегийг бэхжүүлж, үүнд эмэгтэйчүүд, залуучууд, орон нутгийн манлайлагч нарыг идэвхтэй оролцуулах.
Олон нийтийг хамарсан арга хэмжээгээр дамжуулан ялангуяа гэр хорооллын өрхүүдийн дунд туршлага солилцох үйл ажиллагааг дэмжиж, улмаар эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээг нэмэгдүүлэх.
Сэргээгдэх эрчим хүчний компани болон хөгжлийн байгууллагуудтай хамтран сайн туршлагыг түгээн дэлгэрүүлж, олон нийтийн оролцоонд тулгуурласан амжилттай санаачилгуудыг хэрэгжүүлэх.
IV. Олон нийтийн оролцоонд тулгуурласан, хүртээмжтэй орон нутгийн эрчим хүчний шилжилтийн стратеги боловсруулах
Эстони улсын орон нутгийн эрчим хүчний хөтөлбөр зэрэг олон улсын сайн туршлагад тулгуурлан, иргэдийн оролцоонд суурилсан бүс, орон нутгийн түвшний эрчим хүчний төлөвлөлт, хэрэгжилтийг хангах бизнесийн загвар боловсруулах.
Эрчим хүчний шинэчлэлийн төлөвлөлт, хэрэгжилтийг ил тод, олон нийтийн оролцоог хангасан, хариуцлагатай байлгах үүднээс олон талт зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулах.
Эмзэг бүлгийн хүн амд зориулсан тусгай санхүүжилтийн механизм, татварын урамшуулал болон донорын дэмжлэгтэй хөтөлбөрүүдийг ашиглан хүртээмжтэй эрчим хүчний шийдэлд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх.
V. Нотолгоонд суурилсан бодлого төлөвлөлтөөр эрчим хүчний шударга шилжилтийг хэрэгжүүлэх
Эрчим хүчнээс үүдэлтэй ядуурлын үндэсний тогтолцоог бүрдүүлж, тодорхой тодорхойлолт, хяналтын үзүүлэлтүүдийг тогтоон, эрчим хүчний эмзэг байдлыг бууруулах нэгдсэн стратеги боловсруулах.
Эрчим хүчний шилжилтийн нийгэм, эдийн засгийн иж бүрэн үнэлгээ хийж, өрхийн амьжиргаа, албан бус хөдөлмөр эрхлэлт болон жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр үзүүлэх нөлөөллийг судлах.
Шударга шилжилтийн үндэсний замын зураглал боловсруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ур чадвар дахин олгох сургалтыг өргөжүүлэх, ногоон болон тогтвортой ажлын байр шинээр бий болгох бодлогын цогц арга хэмжээг тодорхойлох.
Эх сурвалж: НҮБХХ, “Эмзэг бүлгийн өрхийн цэвэр эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх нь” тайлан, 2025 он. https://www.undp.org/sites/g/files/zskgke326/files/2025-09/empowering_vulnerable_households_to_access_affordable_and_clean_energy_final_mng.pdf
