Цахилгаан дамжуулах агаарын шугамын чадлыг нэмэхгүй бол Увс, Ховд, Баян-Өлгийд цахилгаан хязгаарлана
Эрчим хүчний сайд Б.Найдалаа болон салбарын яамны ажлын хэсэг Баруун бүсийн эрчим хүчний өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцах үеэр Увс аймгийн 110/35/10 кВ-ын Улаангом дэд станцын нөхцөл байдлыг газар дээр нь шалгалаа.

ОХУ-аас эрчим хүч импортолдог 110 кВ-ын нэг хэлхээт С-458 цахилгаан дамжуулах агаарын шугамын нэвтрүүлэх чадлыг өргөтгөхгүй бол ирэх өвлийн их ачааллаар Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудын хэрэглэгчдэд цахилгааны хязгаарлалт хийх бодит эрсдэл нүүрлээд байна. Энэ тухай Эрчим хүчний сайд Б.Найдалаа болон салбарын ажлын хэсэг Баруун бүсийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгах үеэр Увс аймгийн Улаангом дэд станцад танилцууллаа. Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн харьяа С-458 шугам нь анх 1995 онд 40 МВт-ын чадалтай ашиглалтад орсон бөгөөд хэрэглээ өссөнөөр ОХУ-ын «Тува энерги» компанитай тохиролцон импортыг 50 МВт, ослын үед 55 МВт болгон нэмсэн ч дахин дээд хязгаартаа хүрээд байгаа юм. Үүнээс гадна 110/35/10 кВ-ын Улаангом дэд станцын 10 МВА чадалтай хоёр трансформатор 31 жил шинэчлэгдээгүй, сэлбэг олдохгүй, хийн реле гацдаг, тос алддаг хүндрэлтэй ажиллаж байна. Хэрэв трансформаторт гэмтэл гарвал Улаангом хотоос гадна Увс аймгийн Сагил, Түргэн, Наранбулаг, Тариалан сумдын цахилгаан тасрах эрсдэлтэй ажээ. Иймд дэд станцын 2х10 МВА трансформаторыг 2х25 МВА болгон чадлыг нэмэгдүүлж, 10, 35, 110 кВ-ын гүйдлийн трансформаторуудыг яаралтай солих шаардлагатай байгааг албаныхан мэдэгдлээ. Энэхүү өргөтгөлийг хийснээр бүс нутгийн үйлдвэр, технологийн парк болон үйлдвэрүүдийг найдвартай эрчим хүчээр хангах нөхцөл бүрдэнэ.
