Тайвань, Саудын Арабын захиалга 60 Гц хийн турбины нийлүүлэлтийг хумив
Тайвань болон Саудын Арабаас ирж буй асар их захиалгын улмаас 60 Гц хүнд даацын хийн турбины дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд хүндрэл үүсэж байна.

Тайвань болон Саудын Арабын зах зээлээс ирж буй асар их захиалгын улмаас 60 Гц хүнд даацын хийн турбины дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд ноцтой хүндрэл үүсээд байгааг Rystad Energy компани 9-р сарын тайландаа дурджээ. АНУ, Саудын Араб, Өмнөд Солонгос, Канад, Тайвань болон баруун Япон зэрэг 60 Гц давтамжтай зах зээлийн хийн турбины эрэлт ирэх таван жилд дунджаар 56 ГВт-д хүрэх төлөвтэй байна. Гэвч 50 Гц турбинд зориулагдсан үйлдвэрлэлийн шугамыг өөрчлөхөд төвөгтэй байдгаас шалтгаалан 60 Гц төхөөрөмж үйлдвэрлэх бодит хүчин чадал жилд ойролцоогоор 40 ГВт-аар хязгаарлагдаж байна. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд дэлхийн 60 Гц хүнд даацын турбины нийт захиалгын 38 орчим хувийг зөвхөн Саудын Араб, Тайвань улс бүрдүүлсэн нь өмнөх 5 жилийн 13 хувьтай харьцуулахад бараг 3 дахин өссөн үзүүлэлт юм. Үүнд Тайвань улс хагас дамжуулагчийн үйлдвэрүүдийн өсөн нэмэгдэж буй цахилгааны хэрэгцээг хангах, үйл ажиллагааг нь зогсоож буй цөмийн станцуудынхаа хүчин чадлыг нөхөхийн тулд 2026 оны эцэс гэхэд 6 ГВт орчим шинэ хийн станцын төхөөрөмж худалдан авч байгаа нь нөлөөлжээ. Харин Саудын Араб улс үндсэн сүлжээгээ өргөтгөх болон аж үйлдвэрээ цахилгаанжуулах стратегийн дагуу 2034 он хүртэл 12 ГВт хийн цахилгаан станцын шинэ хүчин чадал нэмэхээр төлөвлөж байна. Эдгээр захиалгын нөлөөгөөр 2025 онд дэлхий даяарх хийн турбины нийт захиалга 100 ГВт хүрч дээд амжилт тогтоосон нь тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн боломжит хүчин чадлаас 30 хувиар давжээ. Цаашилбал, 2026 оны урьдчилсан тооцооллоор уг эрэлт 130 ГВт-д хүрч өсөх магадлалтай байна. Нийлүүлэлтийн ийм хоцрогдол нь цахилгаан түгээх компаниуд болон эрчим хүчний сүлжээнд холбогдсон хиймэл оюуны дата төвүүдэд нэн шаардлагатай F, H, J ангиллын өндөр үр ашигтай турбины үнийг өсгөх шалтгаан болж байгаа бөгөөд ачааллын оргил үед системийн нөөц багасах эрсдэл дагуулж буйг салбарын шинжээчид онцолж байна.
