Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
Эрчим хүчний салбарын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 46 үйлдвэр, компани 1,600 орчим нэр төрлийн ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.

Монгол Улсын эрчим хүчний салбарын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 46 үйлдвэр, компани 1,600 орчим нэр төрлийн ажил гүйцэтгэхээр төлөвлөснөөс есдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар бэлтгэл ажлын гүйцэтгэл 79 хувьд хүрээд байна. Эрчим хүчний яамны албан мэдээгээр, Төвийн бүсийн дулааны цахилгаан станцуудын нүүрсний нөөц 576.7 мянган тоннд хүрсэн нь төлөвлөгөөт даалгаврын 94 хувийг хангасан үзүүлэлт юм. Станцуудын үндсэн тоноглолын засварын хувьд есөн дулааны цахилгаан станцын 20 зууханд их болон дунд засвар хийхээс 9 зуухны засварыг дуусгаж, үлдсэн 11 зууханд ажил үргэлжилж байна. Харин таван дулааны станцын турбогенераторт засвар хийхээр төлөвлөснөөс одоогоор найман турбогенераторын их, дунд засварыг бүрэн дуусгажээ. Салбарын удирдлагууд өвлийн оргил ачааллын үед эх үүсвэрийн чадал дутагдах болон импортын цахилгаан тасалдаж болзошгүй онцгой нөхцөлд зориулсан хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулсан байна. Эрсдэлт нөхцөл үүссэн тохиолдолд Улаанбаатар хотын хэмжээнд 14 багцаар цахилгаан хязгаарлалт хийхээр хуваарь баталсан бөгөөд станц, сүлжээний засвар шинэчлэлийг хугацаанд нь дуусгаж их ачааллыг давахаар ажиллаж байна.
