НҮБ: Африк, Зүүн Өмнөд Азийн эрчим хүчний сүлжээг сайжруулах санаачилгыг эхлүүллээ
НҮБ-гаас Африк болон Зүүн Өмнөд Ази даяар цахилгаан дамжуулах системийг өргөтгөхөд хөрөнгө оруулалт, техникийн туслалцааг төвлөрүүлэх зорилготой Global Grids Accelerator санаачилгыг эхлүүллээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Африк болон Зүүн Өмнөд Азийн цахилгаан дамжуулах сүлжээг өргөтгөх, хөрөнгө оруулалт болон техникийн туслалцааг төвлөрүүлэх зорилго бүхий Global Grids Accelerator санаачилгыг эхлүүлсэн талаар African Development Bank Group мэдээлэв.
Дэлхий даяар цахилгаан дамжуулах сүлжээний хүчин чадал хүрэлцэхгүйн улмаас 2,500 гаруй ГВт-ын салхи, нар болон хуримтлуурын эх үүсвэрүүд нэгдсэн сүлжээнд холбогдох дараалалд гацаад байна. Уг санаачилга нь сүлжээний хөрөнгө оруулалт нь сэргээгдэх эрчим хүчний хурдацтай өсөлттэй хөл нийлүүлж чадахгүй байгаа бүтцийн гацааг арилгахад чиглэж байна.
Системийн найдвартай ажиллагааг хангахын тулд дэлхийн хэмжээнд сүлжээнд хийх жилийн хөрөнгө оруулалтыг 2030 он гэхэд одоогийн 450 тэрбум ам.доллароос 50 орчим хувиар нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэв. Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA)-ийн тооцоогоор 2040 он гэхэд 80 сая гаруй километр цахилгаан дамжуулах агаарын шугамыг шинээр барих буюу шинэчлэх шаардлага үүсээд байна.
Global Grids Accelerator нь хөгжиж буй орнуудын засгийн газруудтай хамтран ажиллаж, санхүүжилтийн шаардлага хангасан сүлжээний төслүүдийг бэлтгэх, ухаалаг технологийг нэвтрүүлэх болон уур амьсгалын хөнгөлөлттэй санхүүжилт татахад дэмжлэг үзүүлэх юм.
