Нийслэлчүүдийг дулаан өвөлжих эсэхийг Бөөрөлжүүлэлтийн цахилгаан станц шийдэх үү
Улаанбаатар хотод хүйтний улирал эхэлж буйтай холбогдуулан дулааны цахилгаан станцуудын өвлийн бэлтгэл болон ачаалал даах чадвар ихээхэн анхаарал татаж байна.

Улаанбаатар хотод хүйтний улирал эхэлж буйтай холбогдуулан дулааны цахилгаан станцуудын өвлийн бэлтгэл болон ачаалал даах чадварын асуудал салбарын төдийгүй олон нийтийн анхаарлын төвд байна. Өнгөрсөн өвлийн оргил ачааллын үеэр ДЦС-4-ийн 8 дугаар зуух зогссоноос 161 МВт, Бөөрөлжүүтийн станцын нүүрс хөлдөж бөглөрснөөс ачаалал 120 МВт-аар буурч, нийт 417 мянга гаруй хэрэглэгчийн цахилгааныг хязгаарлахад хүрч байсан юм. Энэ өвлийн хувьд төвийн бүсийн гол тулгуур болох ДЦС-3 болон ДЦС-4 станцууд төлөвлөгөөт их засвараа хүйтрэхээс өмнө бүрэн дуусгахаар ажиллаж байна. Гэсэн хэдий ч нийслэлийн цахилгаан хангамжийн тогтвортой байдал Бөөрөлжүүтийн цахилгаан станц энэ өвөл бүрэн хүчин чадлаараа хэрхэн ажиллахаас ихээхэн шалтгаалахаар байгааг мэргэжилтнүүд онцолж байгаа талаар Eguur.MN сайт мэдээллээ. Өнгөрсөн жилийн технологийн алдааны үеэр чийгтэй нүүрс хөлдөж, хоолойнууд бөглөрсөн бэрхшээл гарч байсан билээ. Тус станцын Үйлдвэр хариуцсан удирдлагаас өгсөн тодруулгаар өнгөрсөн өвлийн дутагдлыг бүрэн зассан бөгөөд энэ өвөл ямар нэгэн доголдолгүй, бүрэн хүчин чадлаараа ажиллах аж. Эрчим хүчний мэргэжилтнүүдийн үзэж буйгаар шинээр ашиглалтад орсон Бөөрөлжүүтийн станцын найдвартай ажиллагаа нь төвийн эрчим хүчний системд үүсэх чадлын дутагдлыг нөхөж, нийслэлийн хэрэглэгчдийг хязгаарлалтад оруулахаас сэргийлэх гол хүчин зүйл болохоор байна.
