Хүнд даацын цахилгаан тээврийн цэнэглэх дэд бүтцийг хөгжүүлнэ
Монложистикс Групп болон Эм Эм Эс Инженеринг ХХК сэргээгдэх эрчим хүчинд түшиглэсэн хүнд даацын цахилгаан тээврийн цэнэглэх дэд бүтцийг хөгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Монложистикс Групп болон Эм Эм Эс Инженеринг ХХК хамтран сэргээгдэх эрчим хүчинд түшиглэсэн хүнд даацын цахилгаан тээврийн цэнэглэх дэд бүтцийг хөгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Төслийн хүрээнд Монложистикс Группийн тээвэр логистикийн хэрэгцээг Эм Эм Эс Инженеринг ХХК-ийн инженерингийн чадавх болон NEXUS NET ZERO төслийн шийдэлтэй уялдуулахаар болов. Ингэснээр өндөр хүчин чадлын цэнэглэх станц, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болон батарей хуримтлуурын системийг (BESS) хослуулсан анхны цогц дэд бүтцийг байгуулахаар төлөвлөжээ. Хамтын ажиллагааны эхний үе шатанд Замын-Үүд–Улаанбаатар чиглэлийн 670 км авто замын дагуу цахилгаан ачааны автомашинд зориулсан ногоон цэнэглэх өртөөнүүдийг байгуулах юм. Энэхүү дэд бүтэц ашиглалтад орсноор импортын авто тээврийн өртгийг 40 хүртэл хувиар бууруулах боломж бүрдэх аж. Төсөл бүрэн хэрэгжсэнээр улсын хэмжээнд импортын шатахууны хэрэглээг 3.4 орчим хувиар бууруулж, хүлэмжийн хийн ялгарлыг жилд 198 мянган тонноор багасгах үр дүн хүлээгдэж байна. Түүнчлэн ногоон санхүүжилт татах таатай нөхцөл бүрдэж, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан тээвэр, инженерийн чиглэлээр шинэ ажлын байрууд бий болох юм.
