Хятад: Цөмийн реактор барих 56 сарын төлөвлөгөө
БНХАУ-ын Улсын цөмийн эрчим хүчний технологийн корпораци (State Nuclear Power Technology Corporation)-ийн Ерөнхийлөгч Ма Юаньхуа (Ma Yuanhua) World Nuclear симпозиумд шинэ цөмийн реактор барих хугацааг 56 сар хүртэл бууруулах зорилготой стратегиа танилцуулав.

БНХАУ-ын Улсын цөмийн эрчим хүчний технологийн корпорацийн (State Nuclear Power Technology Corporation) Ерөнхийлөгч Ма Юаньхуа Лондонд болсон World Nuclear Symposium арга хэмжээний үеэр шинэ цөмийн реактор барих хугацааг 56 сар хүртэл бууруулах зорилготой барилгын менежментийн шинэ стратегийг танилцууллаа. State Power Investment Corporation компанийн охин компани болох тус байгууллага нь Хятад улсад хэрэгжиж буй цөмийн реакторын стандарт загвар, модульчлагдсан угсралтын ажлыг удирддаг. Хятад улс одоогоор 2035 он гэхэд 150 ГВт суурилагдсан цөмийн хүчин чадалтай болох үндэсний зорилтынхоо хүрээнд 58 эрчим хүчний нэгжийг нэгэн зэрэг барьж байгаа юм. Хэд хэдэн цөмийн байгууламжийг хуваарийн дагуу, төсөвтөө багтаан аюулгүй барихад загварын тогтвортой байдал, нийлүүлэлтийн сүлжээний уялдаа, барилгын удирдлага болон зэрэгцээ туршилт тохируулга гэсэн дөрвөн үндсэн сорилт тулгардаг болохыг уг илтгэлд дурджээ. Эдгээрийг шийдвэрлэхийн тулд тус байгууллага загварын өөрчлөлтөд хатуу хяналт тавьж, тогтмол үнэтэй гэрээ байгуулан, талбайн ажлын ачааллыг багасгахад хиймэл оюуны дижитал хэрэгслийг ашигладаг аж. Түүнчлэн урт хугацаанд нийлүүлэгддэг чухал эд ангиудын худалдан авалтын саатлыг бууруулах зорилгоор тоног төхөөрөмжийг эхний шалгалтаар хүлээн авах үзүүлэлтийг 93 хувиас дээш байлгах зорилт тавьжээ.
Барилга угсралтын явцад модульчлагдсан аргыг загвар, худалдан авалт, угсралттай нягт уялдуулан оновчилсноор гол үе шатуудад эхний шалгалтаар тэнцэх үзүүлэлтийг 95 хувьд хүргэж чаджээ. Туршилт тохируулгын шатанд EPC загварыг ашиглаж байгаа бөгөөд шинэ төсөлд эзэмшигчийн шууд оролцоо 40-50 хувь, өргөтгөлийн төсөлд 60 хүртэл хувьтай байгаа аж. Тоног төхөөрөмжийн дундын нөөц болон төслүүд дамнасан боловсон хүчний матрицын тогтолцоо нь цөмийн эрчим хүчийг нэвтрүүлэх найдвартай, шилжүүлэн ашиглах боломжтой загвар болох юм.
