Хятад: Дулааны станцын үйлдвэрлэл 2015 оноос хойш анх удаа буурчээ
Судалгааны Ember байгууллагын "Хятадын эрчим хүчний шилжилтийн тойм 2026" тайланд дурдсанаар улсын хэмжээний цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлтийг цэвэр эрчим хүчээр бүрэн хангах боломжтой болсноор 2025 онд Хятад улсад сүүлийн 10 жилд анх удаа дулааны эрчим хүчний үйлдвэрлэл буурчээ.

Ember олон улсын байгууллагаас энэ оны 9-р сард гаргасан "Хятадын эрчим хүчний шилжилтийн тойм 2026" тайланд дурдсанаар, тус улсад 2025 онд сүүлийн 10 жилийн хугацаанд анх удаа дулааны цахилгаан станцуудын үйлдвэрлэл жилийн дүнгээр буурсан байна. Тус улсын нийт цахилгаан эрчим хүчний эрэлт өмнөх оноос 5 хувиар өссөн хэдий ч голчлон нүүрсээр ажилладаг дулааны үйлдвэрлэл 0.7 хувиар буурчээ. Энэ нь дулааны үйлдвэрлэл өмнө нь буурч байсан 2015 он буюу эрчим хүчний эрэлтийн өсөлт ердөө 0.5 хувьтай зогсонги байсан үетэй харьцуулахад эрчим хүчний бүтцийн суурь өөрчлөлтийг харууллаа. Нүүрсний цахилгаан станцын үйлдвэрлэл 2024 оны эхнээс сүүлийн 12 сарын байдлаар үндсэндээ тогтвортой байж, Хятадын дулааны хүчин чадлын талаас илүү хувийг бүрдүүлдэг Шаньдун, Хунань зэрэг хүнд үйлдвэрийн төвүүд багтсан 26 мужийн 17-д нь өсөлт зогссон байна.
Салхи болон нарны станцуудын хурдацтай өсөлт нь шинээр нэмэгдсэн цахилгааны хэрэгцээг бүрэн хангаж байна. Үүний зэрэгцээ Хятадад аккумуляторын батарей хадгалах системийн суурилуулалт 2025 онд өмнөх оноос 84 хувиар өсөж, дэлхий даяар шинээр нэмэгдсэн нийт батарей хадгалах хүчин чадлын ойролцоогоор 60 хувийг эзэлжээ. Түүнчлэн батарей хадгалах байгууламжуудын ашиглалтын дундаж түвшин 2022-2025 оны хооронд хоёр дахин нэмэгдэж, нэгдсэн сүлжээний горимын хэлбэлзлийг тэнцвэржүүлэх боломжийг олгосон байна.
Уг тайланд Хятад улс "хуучныг халахаас өмнө шинийг барих" үе шатнаас "хуучныг халахын зэрэгцээ шинийг барих" үе шатандшилжиж байгааг онцолжээ. Ингэснээр цэвэр эрчим хүч нь цахилгаан үйлдвэрлэл, аж үйлдвэр болон тээврийн салбарт чулуужсан түлшийг шууд орлох түвшинд хүрээд байна.
