Хятад: 1 ГВт хүчин чадалтай нар болон дулааны хосолсон цахилгаан станцыг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холболоо
POWERCHINA компани БНХАУ-ын Чинхай мужид байгуулагдсан 1 ГВт хүчин чадалтай нарны цахилгаан болон хайлуулсан давсны технологи бүхий дулааны цахилгаан станцын хосолсон төслийг 2026 оны 10-р сарын 1-нд эрчим хүчний нэгдсэн сүлжээнд албан ёсоор холбожээ.

POWERCHINA компани БНХАУ-ын Чинхай мужид барьж байгуулсан 1 ГВт хүчин чадалтай нарны цахилгаан болон хайлуулсан давсны технологи бүхий дулааны цахилгаан станцын хосолсон төслийг 2026 оны аравдугаар сарын 1-ний өдөр эрчим хүчний нэгдсэн сүлжээнд албан ёсоор холболоо. Энэхүү бүтээн байгуулалт нь Хятад улсын хувьд ийм төрлийн анхны гигаватт түвшний цэвэр эрчим хүчний байгууламж болж байна. Чинхай мужийн Хайнань Түвд үндэстний өөртөө засах тойргийн Гунхэ хошуунд байрлах тус цогцолбор нь 900 МВт-ын нарны цахилгаан станц болон 100 МВт-ын хайлуулсан давсны дулааны цахилгаан станцаас бүрдэж байна. Нарны дулааны станцын хувьд 219 метр өндөр төв хүлээн авагч металл тулгуур орчимд байрлах 10,310 ширхэг таван өнцөгт толин тусгал бүхий 500,000 орчим ам дөрвөлжин метр талбайг хамарсан бол нарны цахилгаан станцын хэсэгт 1.9 сая орчим модуль ашиглажээ. Энэхүү байгууламж нь нарны эрчим хүчний тасралттай байдлыг шийдвэрлэхэд чиглэсэн Хятадын цөлийн сэргээгдэх эрчим хүчний томоохон баазуудын хоёр дахь ээлжийн төслийн салшгүй хэсэг юм. Технологийн ажиллагааны хувьд өдрийн цагаар толин тусгалууд нарны дулааныг төвлөрүүлж, тусгаарлагч саванд хадгалсан давсыг хайлуулж халаадаг байна. Сүлжээний цахилгааны ачаалал өсөх үед хайлуулсан давсыг дамжуулан өндөр даралттай уур үүсгэж уламжлалт турбин генераторыг ажиллуулснаар үүлэрхэг болон оройн оргил ачааллын үед цахилгаан найдвартай нийлүүлэх боломж бүрдэж байна. Тус цогцолбороос үйлдвэрлэсэн цахилгааны дийлэнх хэсгийг Чинхай-Хэнань чиглэлийн ±800 кВ-ын хэт өндөр хүчдэлийн тогтмол гүйдлийн (UHVDC) цахилгаан дамжуулах шугамаар Хэнань муж руу шууд дамжуулах юм. Уг төсөл нь жилд дунджаар 2.2 тэрбум кВт·ц цэвэр цахилгаан эрчим хүчийг сүлжээнд нийлүүлэх төлөвтэй байна. CCTV телевизийн мэдээлснээр, тус станц ашиглалтад орсноор стандарт нүүрсний хэрэглээг жилд ойролцоогоор 690,000 тонноор бууруулж, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг 2.07 сая тонноор багасгах юм.
