Цахилгаанжуулалт нь хиймэл оюуны хөрөнгө оруулалтын савлагаанаас үл хамааран гол чиглэл хэвээр байна
Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA)-ийн Гүйцэтгэх захирал Фатих Бирол сүлжээний богино хугацааны хязгаарлалт, цахилгаан эрчим хүчний үнийн сорилтыг үл харгалзан дэлхийн хөрөнгийн зах зээл цахилгаанжуулалтыг тууштай дэмжсэн хэвээр байгааг онцлон тэмдэглэв.

Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA)-ийн Гүйцэтгэх захирал Фатих Бирол нь БНСУ-ын Сөүл хотноо хийсэн мэдэгдэлдээ дэлхийн хөрөнгийн зах зээл цахилгаанжуулалтыг тууштай дэмжсэн хэвээр байгааг онцоллоо. Дэлхийн цахилгаан эрчим хүчний эрэлт нь нийт анхдагч эрчим хүчний эрэлтээс 3 дахин хурдан өсөж байгаа бөгөөд энэ онд эрчим хүчний нийт хөрөнгийн 61 хувийг цахилгааны дэд бүтэц татаж, чулуужсан түлшний салбар 39 хувийг эзэлж байна.
Бүс нутгийн эрчим хүчний шилжилтэд тулгарч буй гол хүндрэлээр үйлдвэрлэлийн төвийг хэрэглээний төвтэй холбох эрчим хүчний нэгдсэн сүлжээний хүчин чадал дутмаг байгаа болон цахилгаан эрчим хүчний тарифийг чулуужсан түлштэй харьцуулахад өрсөлдөхүйц байлгах шаардлагатай аж. Үүнтэй холбогдуулан БНСУ-ын Уур амьсгал, эрчим хүч, хүрээлэн буй орчны сайд Ким Сөн Хуантай хамтран IEA 'RISE ASIA' буюу Азийн эрчим хүчний аюулгүй байдлын төлөөх тэсвэртэй, нэгдсэн стратегийн түншлэлийг албан ёсоор эхлүүлжээ. Уг түншлэл нь Ойрхи Дорнодын үймээн самуунаас үүдэлтэй түлшний хомсдолд хамтын хариу арга хэмжээг уялдуулахын зэрэгцээ урт хугацааны сүлжээний шилжилтийн замын зураглалыг хэрэгжүүлэх зорилготой юм. Түүнчлэн COP31 уур амьсгалын дээд хэмжээний уулзалтад албан ёсоор танилцуулагдах 2035 он гэхэд 35 хувийн цахилгаанжуулалтад хүрэх зорилтын хүрээнд Азийн орнуудын засгийн газруудыг нэгтгэхийг зорьж байна. Reuters агентлагаас энэхүү хөтөлбөрийн ойрын хугацааны тэргүүлэх чиглэл нь Зүүн өмнөд Ази болох бөгөөд трансформатор, кабель, аккумуляторын батарейн системийн чиглэлээрх тус улсын үйлдвэрлэлийн бааз нь бүс нутгийн сүлжээг хүчитгэхэд чухал түшиг болно гэдгийг мэдээлэв.
