Агуулга руу очих
Олон улс

Казахстан, Хятад улс салхин цахилгаан станцын төсөлд хамтран ажиллана

ЭрчимНэт2 мин унших

Казахстаны Эрчим хүчний яам болон Хятадын State Power Investment Corporation компанийн удирдлагууд Павлодар мужид 1 ГВт хүчин чадалтай салхин цахилгаан станц барих төслийн асуудлаар ажлын уулзалт хийлээ.

Салхин цахилгаан станц болон батарей хуримтлуурын цогцолбор
Салхин цахилгаан станц болон батарей хуримтлуурын цогцолбор

Казахстаны Эрчим хүчний яам болон БНХАУ-ын State Power Investment Corporation компанийн удирдлагууд Павлодар мужид 1 ГВт хүчин чадалтай салхин цахилгаан станц барих төслийн асуудлаар ажлын уулзалт хийлээ. Энэхүү цэвэр эрчим хүчний томоохон төслийг SPIC болон Pavlodar Green Energy компани хамтран Экибастузын ойролцоо хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн нийт шууд хөрөнгө оруулалт нь 1.2 тэрбум ам.доллар юм. Төслийн хүрээнд 1 ГВт-ын салхин паркийг 300 МВт/600 МВт·ц хүчин чадал бүхий дэвшилтэт аккумуляторын батарей бүхий эрчим хүч хадгалалтын системтэй хослуулан барихаар төлөвлөсөн . Уг байгууламжийг 2029 онд бүрэн ашиглалтад оруулахаар зорьж байгаа бөгөөд энэ нь Казахстаны хойд бүсийн болон үндэсний эрчим хүчний сүлжээг тогтворжуулах тэнцвэржүүлэгч хүчин чадал, ногоон цахилгаанаар хангах үүрэгтэй. Казахстан улсын хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл 2026 оны эхний улиралд 2.3 тэрбум кВт·ц-т хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 15 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд бүтэн жилийн дүнгээр 8.8 тэрбум кВт·ц-т хүрэх төлөвтэй байна. Тус улс 2026 онд нийт 245 МВт хүчин чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний 10 байгууламж, үүнд, 4 салхин парк, 5 нарны станц, 1 усан цахилгаан станц ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж. Казахстан улсын нийт цахилгаан үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь 2025 онд 7 хувь байсан бол 2030 он гэхэд олон улсын томоохон түншлэлүүдэд тулгуурлан энэ хэмжээг 15 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна.

Эх сурвалж: Trend News Agency
Хуваалцах:FacebookX

Сэтгэгдэл