Итали: Сенат цөмийн эрчим хүчийг дахин ашиглахыг дэмжлээ
Италийн Сенатын танхим 81:51 харьцаагаар (7 гишүүн түдгэлзсэн) цөмийн эрчим хүчийг 40 жилийн дараа дахин сэргээх эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг баталлаа.

Италийн Сенатын танхим 81:51 харьцаатайгаар (7 гишүүн түдгэлзсэн) цөмийн эрчим хүчийг 40 жилийн дараа дахин сэргээх эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг баталлаа. Ерөнхий сайд Жоржиа Мелонигийн кабинетын өргөн барьсан уг хуулийн төслийг өмнө нь Төлөөлөгчдийн танхим 155 гишүүний саналаар дэмжээд байсан юм. 1986 онд Чернобылийн осол гарсны дараа тус улс 1990 онд арилжааны бүх реактороо хаасан бөгөөд 2011 онд Фүкүшимагийн ослын дараа уг байр сууриа дахин баталгаажуулж байв.
Шинээр батлагдсан хуулиар Италийн Засгийн газарт цөмийн эрчим хүчний зохицуулалтын цогц орчныг бүрдүүлэх нарийвчилсан хууль тогтоомж боловсруулах 12 сарын хугацаа олгожээ. Хуулийн хүрээнд Цөмийн эрчим хүчний тогтвортой хөгжлийн үндэсний хөтөлбөр болон Цөмийн аюулгүй байдлын хараат бус газрыг байгуулах юм. Энэ хугацаанд холбогдох сайд нарын тогтоолуудыг боловсруулж, албан ёсоор батлуулахаар тусгасан байна. Шинэ зохицуулалтын орчин нь 2050 он гэхэд аж үйлдвэрийн салбарын нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд IV үеийн дэвшилтэт реакторууд болон жижиг модульчлагдсан реакторуудад (SMR) лиценз олгоход голлон анхаарах аж. Үүнтэй холбогдуулан Италийн Ansaldo Energia, RINA зэрэг томоохон компаниуд дотоодын инженерийн болон техникийн ур чадварыг сэргээх нийлүүлэлтийн сүлжээний санаачилгыг эхлүүлээд байна. Ерөнхий сайд Мелони хэлсэн үгэндээ геополитикийн тогтворгүй байдлын үед эрчим хүчний хараат бус байдлыг бий болгож, цахилгааны үнийг бууруулах нь стратегийн чухал зорилт болохыг онцолсон талаар World Nuclear News мэдээллээ.
