Агуулга руу очих
Бодлого зохицуулалт

Импортын хамаарлыг бууруулж, системийн уян хатан байдлыг бэхжүүлнэ

ЭрчимНэт2 мин унших

Эрчим хүчний сайд Б.Найдалаа Монгол Улсын ирэх 5 жилийн эрчим хүчний  тэргүүлэх чиглэлийг “Импортын хамаарлыг бууруулж, системийн уян хатан байдлыг бэхжүүлэх явдал” хэмээн мэдэгдлээ.

Импортын хамаарлыг бууруулж, системийн уян хатан байдлыг бэхжүүлнэ
Импортын хамаарлыг бууруулж, системийн уян хатан байдлыг бэхжүүлнэ

Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр буюу КАРЕК-ийн Сайд нарын бага хурлын “Цэвэр эрчим хүч, тээвэр, ложистик чухал ашигт малтмалын боломжууд” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр Эрчим хүчний сайд Б.Найдалаа Монгол Улсын ирэх 5 жилийн эрчим хүчний  тэргүүлэх чиглэлийг “Импортын хамаарлыг бууруулж, системийн уян хатан байдлыг бэхжүүлэх явдал” хэмээн мэдэгдлээ. Ялангуяа эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хил дамнасан цахилгаан эрчим хүчний холболтыг өргөжүүлэх нь КАРЕК-ийн гишүүн орнуудын хамтын ажиллагааны чухал үүрэг, чиглэл хэмээн онцолсон байна. Түүнчлэн Эрчим хүчний яамнаас “Эрчим хүчний тогтвортой шилжилтийн 2026-2050 стратеги”-ийг хэрэгжүүлэн ажиллахад олон улсын түншлэл, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт чухал шаардлагатай байгааг танилцуулсан.  Салбарын сайд хөрөнгө оруулагчдад эрчим хүчний шинэчлэлийн бодлогын шийдлээ танилцуулахдаа “Монгол Улс 3,300 гигаватт (ГВт) сэргээгдэх, цэвэр эрчим хүчний нар, салхины асар их нөөцтэй. Энэ их нөөцийг ашиглан хямд эрчим хүч үйлдвэрлэн дотоодын хэрэглээгээс хангахаас гадна бүс нутгийн экспортлогч орон болох зорилт тавьж, 2035 оноос эрчим хүчний экспортын эхний коридороо нээхээр төлөвлөсөн. Үүнд хил дамнасан цахилгаан дамжуулах шугамын дэд бүтэц, бүс нутгийн эрчим хүчний худалдааны нэгдсэн зохицуулалт нэн шаардлагатай. Иймд аливаа хамтын санаачилгыг бодит төсөл, бодит хөрөнгө оруулалт болгон урагшлуулахад бид бэлэн байна” хэмээн уриалсан байна. 

Дашрамд дурдахад Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр 2001 онд эхэлж, өдгөө Афганистан, Азербайжан, БНХАУ, Гүрж, Казахстан, Киргизстан, Монгол, Пакистан, Тажикстан, Туркменистан, Узбекистан гэсэн 11 улс орон  болон хөгжлийн түншүүдийг нэгтгэсэн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа болон өргөжин хөгжиж байна. 

Эх сурвалж: ЭХЯ
Хуваалцах:FacebookX

Сэтгэгдэл