Хүрэнголын нүүрсний уурхайг түшиглэн 300 МВт-ын цахилгаан станц барих тусгай зөвшөөрлийг олголоо
Эрчим хүчний зохицуулах хорооны 2026 оны ээлжит 31 дүгээр хуралдаан болж, салбарын хэд хэдэн чухал зохицуулалтын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эрчим хүчний зохицуулах хорооны 2026 оны ээлжит 31 дүгээр хуралдаанаар Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутаг дахь Хүрэнголын нүүрсний уурхайг түшиглэн 300 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих тусгай зөвшөөрлийг Макс пауэр ХХК-д 5 жилийн хугацаагаар олгохоор тогтлоо. Энэхүү бүтээн байгуулалт нь баруун болон говийн бүсийн өсөн нэмэгдэж буй цахилгааны хэрэгцээг хангах, импортын эрчим хүчний хамаарлыг бууруулахад стратегийн чухал ач холбогдолтой төсөл юм. Уг станцыг Хүрэнголын нүүрсний ордын нөөцөд суурилуулан барьснаар тээврийн зардал болон түлшний өртгийг хамгийн бага түвшинд барих боломж бүрдэх юм. Төслийн хүрээнд өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам татах болон дэд станцын өргөтгөлийг хийж, төвийн нэгдсэн сүлжээнд найдвартай холбохоор төлөвлөсөн байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл эзэмшигчид барилга угсралт, инженерийн ажлыг хууль тогтоомжийн дагуу тогтоосон хуваариар чанартай гүйцэтгэх шаардлага тавилаа. Барилга угсралтын хугацаанд төслийн технологийн аюулгүй байдал болон байгаль орчны стандартын хэрэгжилтэд тус хорооноос байнгын хяналт тавин ажиллах юм. Ийнхүү тусгай зөвшөөрөл олгогдсоноор хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай 300 МВт-ын суурь цахилгаан станцын зураг төсөл болон бүтээн байгуулалтын үндсэн үе шат албан ёсоор эхэлж байна.
