Европын хөрөнгө оруулалтын банк SMR технологид хөрөнгө оруулна
Европын хөрөнгө оруулалтын банк (EIB) Финландын жижиг модульчлагдсан реактор (SMR) хөгжүүлэгч Steady Energy компанид 40 сая хүртэлх евро (46 сая ам.доллар)-гийн хөрөнгө оруулалт хийхээр зөвшөөрсөн нь тус банкны SMR технологид зориулсан анхны шууд санхүүгийн амлалт боллоо.

Европын хөрөнгө оруулалтын банк (EIB) Финландын жижиг модульчлагдсан реактор (SMR) хөгжүүлэгч Steady Energy компанид 40 сая хүртэлх евро буюу 46 сая ам.долларын санхүүжилт олгох шийдвэр гаргалаа. Энэ нь тус банкнаас SMR технологийн төсөлд шууд олгож буй анхны хөрөнгө оруулалт болж байна. Steady Energy компани нь хотын дүүргийн халаалтын сүлжээ болон үйлдвэрлэлийн технологийн дулаанд зориулан 50 МВт дулааны хүчин чадалтай, нам температур, бага даралтын LDR-50 реакторыг зохион бүтээсэн юм. Уг санхүүжилт нь 2026-2028 онд хийгдэх судалгаа хөгжүүлэлт, аюулгүй байдлын туршилт болон тусгай зөвшөөрлийн өмнөх шатны ажлуудыг санхүүжүүлэх ажээ. Европын хөрөнгө оруулалтын банк Группийн дэд ерөнхийлөгч Карл Нехаммер жижиг модульчлагдсан реактор нь импортын чулуужсан түлшнээс хараат байдлыг бууруулж, тасралтгүй цэвэр эрчим хүч хангах шийдэл болохыг онцолсон байна. Тус реактор нь 150 хэмийн температур, 1 МПа даралтад ажилладаг тул цахилгаан үйлдвэрлэх реакторуудтай харьцуулахад бүтцийн хувьд хялбар бөгөөд Финланд улсад ирэх жилүүдэд анхны туршилтын станцыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
