Европ, Их Британид бага оврын модульчлагдсан реактор нэвтрүүлэх санамж бичиг байгууллаа
SGE, GE Vernova, Hitachi, Samsung C&T компаниуд Төв болон Зүүн Европ, Их Британид BWRX-300 бага оврын модульчлагдсан реакторыг нэвтрүүлэх арилжааны албан ёсны тогтолцоог бүрдүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

SGE, GE Vernova, Hitachi болон Samsung C&T компаниуд Төв болон Зүүн Европ, Их Британид 300 МВт хүчин чадалтай BWRX-300 бага оврын модульчлагдсан реакторыг (SMR) нэвтрүүлэх арилжааны албан ёсны тогтолцоо бүрдүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслол 2026 оны 9-р сарын 23-нд Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейтай зэрэгцэн болсон Атлантын зөвлөлийн Цөмийн эрчим хүчний бодлогын дээд хэмжээний уулзалтын үеэр болсон байна. Энэхүү түншлэл нь GE Vernova Hitachi Nuclear Energy компанийн зохион бүтээсэн, усан хөргөлттэй, байгалийн эргэлттэй BWRX-300 реакторын технологид тулгуурлаж буйг NucNet мэдээллээ. АНУ-ын Төрийн департамент уг эвслийг найдвартай цөмийн эрчим хүчний нэвтрүүлэлтийг түргэтгэх, холбоотон орнуудын эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх стратегийн хэрэгсэл хэмээн тодорхойлжээ. Хамтын ажиллагааны хүрээнд 4 компани бүс нутгийн цахилгаан сүлжээнд холбох боломжийг хамтран судалж, нийлүүлэлтийн сүлжээний стратегийг оновчлохын сацуу арилжааны төслийн шууд тендерүүдэд оролцох юм. Төсөлд GVH үндсэн технологийн архитектораар ажиллах бол Samsung C&T болон SGE нь инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын чадавх болон Европын бүс нутаг дахь хөгжүүлэлтийн туршлагаараа хувь нэмэр оруулахаар төлөвлөжээ. Энэ нь Европын эрчим хүчний нэгдсэн сүлжээнд ашиглалтаас гарч буй нүүрсний цахилгаан станцуудын суурь ачааллыг нүүрстөрөгч багатай цөмийн хүчин чадлаар найдвартай орлуулахад чиглэж байна.
