Агуулга руу очих
Сэргээгдэх эрчим хүч

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын нийт гүйцэтгэл 40 хувьтай байна

ЭрчимНэт2 мин унших

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт баригдаж буй 90 МВт хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын нийт гүйцэтгэл 40 хувьд хүрээд байна.

Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын талбай
Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын талбай

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт баригдаж буй 90 МВт хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын нийт гүйцэтгэл 40 хувьд хүрээд байна. БНХАУ-ын Засгийн газрын 266.45 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй тус төслийн захиалагчаар Эрчим хүчний яам, ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын Пауэр Чайна компани түлхүүр гардуулах нөхцөлтэй ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар төслийн талбайд Монгол, Хятад, Бангладеш улсын нийт 580 гаруй инженер, техникийн ажилтан ажиллаж байна. Бүтээн байгуулалтын хүрээнд 385 метр урттай ус дамжуулан урсгах туннелийг бүрэн барьж дуусгасан бөгөөд 1392.3 метр урттай үндсэн туннелийн ухалт, даралт тэнцвэржүүлэгч хоолой болон тээврийн туннелийн ажлыг бүрэн гүйцэтгэжээ. Мөн станцын барилгын суурийн ажил дуусаж, 1-4 дүгээр генераторын эхний давхаргын бетон цутгалтыг хийсэн бөгөөд одоогоор 1 ба 2 дугаар генераторын хоёр дахь давхаргын цутгалтыг хийж байна. Төслийн хүрээнд 11 тэрбум шоо метр багтаамжтай усан сан бүхий далан барьж, 24 км урт, 4 км өргөн хиймэл нуур үүсгэх бөгөөд уг нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэхээр тогтжээ. Усан цахилгаан станцыг 2030 оны 5 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд жилд 360 сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэж, баруун бүсийн таван аймгийн цахилгааны хэрэгцээг бүрэн хангахын зэрэгцээ нүүрсний хэрэглээг жилд 110 мянган тонноор бууруулах ач холбогдолтой юм.

Эх сурвалж: Эрчим хүчний яам
Хуваалцах:FacebookX

Сэтгэгдэл