Эрчим хүчний сүлжээний тэнцвэржүүлэлтийн зардал огцом өсөж байна
Nuclear Industry Association байгууллагаас LCP Enact өгөгдөлд хийсэн дүн шинжилгээгээр Их Британийн үндэсний цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээг тэнцвэржүүлэх зардал 2026 оны 9-р сарын 17-ноос 9-р сарын 20 хүртэл ердөө дөрөвхөн өдрийн дотор бараг 110 сая фунт стерлингт хүрчээ.

Nuclear Industry Association байгууллагаас LCP Enact өгөгдөлд хийсэн дүн шинжилгээгээр Их Британийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээг тэнцвэржүүлэх зардал 2026 оны 9 дүгээр сарын 17-ноос 20-ны хооронд ердөө дөрөвхөн өдрийн дотор 110 сая фунт стерлингт хүрчээ. Энэхүү зардал нь салхины үйлдвэрлэл огцом өсөж, дамжуулах шугамын бодит хүчин чадлаас давсан үед үүссэн байна.
Их Британид эрчим хүчний сүлжээг тэнцвэржүүлэх жилийн зардал 2025 онд 2.98 тэрбум фунт стерлинг байсан бол 2026 оны эхний 8 сарын байдлаар хэдийнэ 2.2 тэрбум фунт стерлингийг давжээ. Дамжуулах сүлжээний хүчин чадал дутагдсаны улмаас системийн оператор салхин паркуудын үйлдвэрлэлийг зогсоохын тулд их хэмжээний хязгаарлалтын төлбөр төлж, энэхүү зардал нь эцсийн хэрэглэгчийн тариф дээр шууд нэмэгддэг байна. Nuclear Industry Association байгууллагын гүйцэтгэх захирал Tom Greatrex сүлжээг тэнцвэржүүлэхэд цагт нэг сая фунт стерлингээс давсан зардал гаргах нь эдийн засгийн хувьд үр ашиггүйг онцолж байна. Тус улсын The National Energy System Operator (NESO) байгууллагаас сүлжээг өргөтгөхгүй тохиолдолд 2030 он гэхэд тэнцвэржүүлэлтийн жилийн зардал 8 тэрбум фунт стерлингт хүрнэ гэж тооцоолжээ. Эдгээр хүндрэлийг шийдвэрлэхийн тулд 2031 он хүртэл цахилгаан дамжуулах агаарын шугамд 65 тэрбум фунт стерлингийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөснөөс 30 гаруй тэрбумыг Шотландын сүлжээнд зориулахаар болсон байна. Дамжуулах сүлжээний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж, шугамын коридорт тохируулан суурь эх үүсвэрийг зөв байршуулах нь системийн зардлыг хязгаарлахад нэн чухал болохыг салбарынхан онцоллоо.
