Эрчим хүчний компаниуд өвөлжилтийн бэлтгэлийг хангаж байна
Эрчим хүчний зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын 2026-2027 оны өвлийн их ачааллын бэлтгэл ажилд хяналт тавин ажиллаж байна.

Эрчим хүчний зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын 2026-2027 оны өвлийн их ачааллын бэлтгэл ажилд хяналт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нийслэлийн 8 дүүрэг, Төв аймгийн 16 сумын нийт 536,196 хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг хангах төлөвлөгөөт засварын ажлуудыг өрнүүлж байна. Тус компанийн хэмжээнд 3,323 дэд станц болон шугам тоноглолын урсгал засварын ажил 99 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээний хүрээнд төлөвлөсөн 120 нэр төрлийн 172 багц ажил одоогоор 60 хувьтай байгаа бөгөөд бүх засварыг ирэх 10 дугаар сард багтаан дуусгахаар төлөвлөж байна. Өнгөрсөн 2025-2026 оны өвлийн их ачааллаар 110/35/10 кВ-ын Налайх дэд станцаас гардаг 35 кВ-ын Баянзүрх-А цахилгаан дамжуулах агаарын шугамын ачаалал 93 хувьд хүрч хүндрэл үүсгэсэн байна. Иймээс шугамын найдвартай ажиллагааг хангах үүднээс уг 35 кВ-ын шугамыг 2 хэлхээт болгон өргөтгөж, ачааллыг хөнгөлөх ажлыг хийж байна. Энэхүү өргөтгөлийн ажил бүрэн хийгдсэнээр нийслэлийн Баянзүрх дүүргийн Хужирбулан, Гачуурт орчмын айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгаан хангамж өвлийн оргил ачааллын үед тасалдалгүй ажиллах боломж бүрдэнэ.
