Агуулга руу очих
Олон улс

Дэлхийн улс орнуудын эрчим хүчний шилжилт удааширч байна

ЭрчимНэт3 мин унших

Цэвэр эрчим хүчний нийт хөрөнгө оруулалтын ойролцоогоор 75% нь цөөн хэдэн улсад төвлөрсөн хэвээр байна.

Дэлхийн улс орнуудын эрчим хүчний шилжилт удааширч байна
Дэлхийн улс орнуудын эрчим хүчний шилжилт удааширч байна

Дэлхийн эрчим хүчний шилжилт урьдчилан тооцоолоогүй асуудалтай тулгарч, ялангуяа цэвэр эрчим хүчний салбарт оруулсан хөрөнгө оруулалтын үр өгөөж эргэлзээтэй болж болзошгүй хэмээн үзэж байна. 2025 онд дэлхий дахинаа нийт хөрөнгө оруулалт 3.3 тэрбум ам.долларт хүрсэн ч улс орнуудын эрчим хүчний салбарын өөрчлөлтөд бэлтгэх бэлтгэл буурч, арван жилийн хугацаанд анх удаа ийм бууралт ажиглагдсан талаар Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан "Эрчим хүчний шилжилтийн индекс 2026" тайланд онцолсон байна. Тус байгууллагаас Accenture компанитай хамтран хийсэн уг судалгаанд дэлхийн 120 орны эрчим хүчний системийн өнөөгийн нөхцөл байдлыг байгаль орчны уян хатан байдал, эрчим хүчний хүртээмж, эрчим хүчний шилжилтийн бэлэн байдал зэрэг шалгуур үзүүлэлтээр үнэлжээ. Уг судалгаагаар дэлхий даяар эрчим хүчний хуваарилалт улам бүр хуваагдмал болж, өмнө нь олон улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхийг чухалчилж байсан бол өдгөө эрчим хүчний аюулгүй байдал, хангамжийн тогтвортой байдал, эдийн засаг, иргэдийн аль алиных нь хувьд хүртээмжтэй байдал нь хамгийн чухал асуудал болж байна. Түүнчлэн, геополитикийн тасралтгүй зөрчилдөөнтэй зэрэгцэн дэлхийн эрчим хүчний хэрэглээ мэдэгдэхүйц өссөнөөс үүдэн эрчим хүчний салбар томоохон бэрхшээлтэй тулгарч байгаа аж. Гол хөдөлгөгч хүчин зүйлст тээвэр, аж үйлдвэрийн цахилгаанжуулалт, агааржуулагчийн системийг өргөнөөр нэвтрүүлэх, дата төвүүдийн өсөлт, хиймэл оюуны технологийн дэвшил зэрэг орно. Гэвч улс орнуудад эрчим хүчний дэд бүтцийн хөгжил харилцан адилгүй судлаачдын төсөөлж байснаас удаан явагдаж байна. Тулгарч бус бас нэг асуудал бол хөрөнгө оруулалтын жигд бус хуваарилалт буюу цэвэр эрчим хүчний нийт хөрөнгө оруулалтын ойролцоогоор 75% нь цөөн хэдэн улсад төвлөрсөн хэвээр байгаа явдал юм. Үүний нэгэн адил ирээдүйн эрчим хүчний эрэлтийн өсөлтийн таамагласан 80 орчим хувь нь санхүүжилтийн өндөр зардал, дэд бүтцийн хомсдолтой тулгарч буй хөгжиж буй эдийн засагтай орнуудад төлөвлөгдөж байна. Ерөнхийдөө 2026 оны индекс өмнөх онтой харьцуулахад бага өөрчлөлттэй байсан нь дэлхийн хөгжлийн удаашралыг харуулж байна. Улс орнуудын 60 орчим хувь нь гүйцэтгэлээ сайжруулсан боловч 4 улс тутмын зөвхөн 1 нь гол 3 салбарт нэгэн зэрэг өсөлт үзүүлж, Хойд Европын орнууд жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байна. Энэ жил зохицуулалтын бодлогыг шинэчилж, засгийн газрын дэмжлэгийг нэмэгдүүлсний ачаар Сингапур улс 10 байраар урагшилж, дэлхийн тэргүүлэх 20 эдийн засгийн дунд Герман, Франц, Их Британи, Хятад, Бразил, АНУ зэрэг улсууд онцгой байр суурь эзэлжээ. Хятад улс сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтаа урьд өмнө байгаагүй ихээр нэмэгдүүлж байгаа бол Энэтхэг улс эрчим хүчний шилжилтийн бэлэн байдлын хамгийн хурдацтай өсөлтийг үзүүлсэн байна. Сахарын цөлөөс урагш орших Африк улс хамгийн их ахиц дэвшлийг гаргасан бол үүний эсрэгээр Латин Америк, Ойрхи Дорнод, Хойд Африкийн орнуудад хөрөнгө оруулалтын идэвх буурчээ. Дэлхийн эдийн засгийн форумаас эрчим хүчний шилжилтийг амжилттай үргэлжлүүлэх нь хөрөнгө оруулалтаас илүү улс орны эрчим хүчний хангамжийг нэгэн зэрэг хангах, дэд бүтцийг бий болгох, урт хугацааны хөрөнгө оруулалтад таатай нөхцөлийг бүрдүүлэх чадавхаас хамаарахыг онцолжээ. Үүнээс авч үзвэл энэ 3 чиглэлийг нэгтгэж чадах улс орнууд ирээдүйн эрчим хүчний салбарт тодорхой давуу талтай байх бололтой.

Эх сурвалж: https://globalenergyprize.org/en/2026/06/24/wef-experts-countries-demonstrate-downward-shift-in-energy-transition-readiness-for-the-first-time-in-the-last-decade/

Хуваалцах:FacebookX

Сэтгэгдэл