Агуулга руу очих
Ажиглалт судалгаа

Дэлхийн цөмийн эрчим хүчний хүчин чадал 2060 он гэхэд 3 дахин нэмэгдэнэ

ЭрчимНэт2 мин унших

Олон улсын атомын эрчим хүчний агентлаг (IAEA)-ийн мэдээлснээр улс орнууд өсөн нэмэгдэж буй цахилгааны эрэлтийг хангахын тулд нүүрстөрөгч багатай суурь үйлдвэрлэлийг өргөжүүлж байгаа тул 2060 он гэхэд дэлхийн цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадал 3 дахин нэмэгдэх төлөвтэй байна.

Цөмийн цахилгаан станцын байгууламж
Цөмийн цахилгаан станцын байгууламж

Олон улсын атомын эрчим хүчний агентлаг (IAEA)-ийн гаргасан таамаглалаар дэлхийн цөмийн эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 2060 он гэхэд 3 дахин нэмэгдэх төлөвтэй байна. Вена хотноо зохион байгуулагдсан тус агентлагийн 70 дугаар Ерөнхий бага хурлын үеэр Ерөнхий захирал Рафаэль Мариано Гросси "2060 он хүртэлх эрчим хүч, цахилгаан болон цөмийн эрчим хүчний тооцоолол" тайлангийн 46 дахь хэвлэлийг албан ёсоор танилцууллаа. Энэхүү өсөлт нь улс орнууд нүүрстөрөгч багатай суурь эх үүсвэрийг өргөтгөх замаар эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах зорилттой холбоотой юм.

Өндөр өсөлтийн хувилбараар авч үзвэл 2025 оны сүүлийн байдлаар ажиллаж байсан 413 реакторын 377.1 ГВт хүчин чадал нь 2050 онд 1,045 ГВт, улмаар 2060 онд 1,284 ГВт-д хүрч өсөхөөр байна. Энэхүү өсөлтийн дийлэнх хувийг Төв болон Зүүн Азийн бүс нутаг эзлэх бөгөөд эдгээр бүс дэх цөмийн хүчин чадал 2025 онд 114 ГВт байсан бол 2060 он гэхэд 407 ГВт болж өсөх тооцоо гарчээ. Түүнчлэн шинээр нэмэгдэх нийт цөмийн хүчин чадлын ойролцоогоор 28 хувийг бага оврын модульчлагдсан реактор (SMR) бүрдүүлэх төлөвтэй байна.

Тус тайланд тэмдэглэснээр 2025 онд цөмийн эрчим хүчний нийт үйлдвэрлэл 1.1 хувиар өсөж, 2,689.1 ТВт·ц хүрсэн боловч цахилгааны нийт хэрэглээний өсөлт давсан тул дэлхийн нийт үйлдвэрлэлд эзлэх хувь 8.4 хувь болж бага зэрэг буурчээ. 2025 оны байдлаар дэлхий даяар 77.2 ГВт хүчин чадал бүхий 72 реактор баригдаж байна. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхийн тулд шинэ реакторуудад хөрөнгө оруулалт татах, ажиллаж буй станцуудын насыг сунгах, зохицуулалтын таатай орчин бүрдүүлэх, сүлжээг шинэчлэх зайлшгүй шаардлагатай ажээ.

Хуваалцах:FacebookX

Сэтгэгдэл