Итали: Дата төвөөр халаалтын асуудлыг шийдэж байна
Хотын халаалтын системийг эрчим хүчээр хангахад дата төвийг ашиглаж буй шийдэл.

Европын дулаан сэргээх төслийн хүрээнд Equinix болон A2A компаниуд Италийн Милан хотын дата төвийн хаягдал дулааныг ашиглан 21,000 өрхийн халаалтыг шийджээ. Энэ бол хотын халаалтын системийг эрчим хүчээр хангахад дата төвийг ашиглаж буй ухаалаг шийдэл юм. Милан хотод олон мянган серверийн үйлдвэрлэсэн дулааныг сэргээж, хотын дүүргийн халаалтын сүлжээнд ашиглах боломжтой эрчим хүч болгон хувиргаж, айл өрх, Дуомо болон Палаззо Реале зэрэг олон нийтийн барилга байгууламжид бага нүүрстөрөгчийн шинэ дулааны эх үүсвэр бий болгож байна. Энэхүү санаачилга нь дижитал дэд бүтэц нь хотын эрчим хүчний системийг дэмжихэд ихээхэн үүрэг гүйцэтгэж болохыг харуулж байна. Equinix компанийн ML5 дата төв нь сэргээгдсэн дулаанаар хангах бөгөөд Милан хотын дүүргийн халаалтын сүлжээнд орохоос өмнө шинэ A2A эрчим хүчний төвд шилжүүлэх аж.

Зураг: Equinix ML5 дата төв
Бүрэн ашиглалтад орсны дараа уг бүтээн байгуулалтыг Нордикийн бүсээс гадна Европын хамгийн том дата төвийн дулаан сэргээх сүлжээний нэг болно хэмээн үзэж байна. Дата төвийн үйл ажиллагаанаас ялгарсан дулааны эрчим хүчийг орон нутгийн айл өрх, оршин суугчдад ашигласнаар хог хаягдлыг багасгаж, Милан хотыг нүүрстөрөгчийн ялгарал багатай ирээдүй рүү чиглүүлж байна. Төслийн төвд Equinix компанийн байгууламжуудад ажиллаж буй серверүүдийн үйлдвэрлэсэн дулааны энергийг цуглуулж, өөрөөр хэлбэл, алдагдах байсан дулааныг Милан хотын халаалтын сүлжээнд найдвартай эрчим хүчний эх үүсвэр болгон хувиргаж байна. Equinix компани дулаан экспортлоход шаардлагатай дэд бүтцийн зураг төсөл, үйл ажиллагааг хянаж, мэдээллийн технологиор дамжуулан сэргээгдэх дулааны энерги үүсгэдэг үйлчлүүлэгчидтэй хамтран ажиллах аж. Ойролцоох газарт A2A компани экспортын дулааныг хүлээн авах тусгай эрчим хүчний төвийг байгуулж байгаа ба тэндээс нийт 72 МВт хүчин чадалтай 4 үйлдвэрлэлийн хэмжээний дулааны насос нь сэргээгдэх дулааны температурыг нэмэгдүүлж, дараа нь дүүргийн халаалтын системд нийлүүлэх юм байна. Тус газарт нийт 6000 куб метр хүчин чадалтай 2 дулааны хадгалах систем, мөн хот даяар эрчим хүч түгээхэд шаардлагатай дэд бүтцийг байгуулах болно. Төсөл бүрэн хүчин чадалдаа хүрэхэд жил бүр 225 ГВт.ц хүртэл дулааны энергийг сэргээн авах төлөвлөгөөтэй байна. Equinix болон A2A компаниудын мэдээлснээр энэ нь Милан хотын дүүргийн халаалтын сүлжээгээр дамжин нийлүүлэгдэх дулааныг 20 орчим хувиар нэмэгдүүлж, илүү ихийг халаахад хангалттай эрчим хүчээр хангах болно. Байгууллагууд уламжлалт халаалтын түлшнээс хамаарлыг бууруулахын зэрэгцээ үр ашгийг дээшлүүлэх шинэ арга замыг эрэлхийлж байгаа тул хаягдал дулааныг нөхөн сэргээх нь эрчим хүчний шилжилтийн чухал хэсэг болж байна. Үлдэгдэл дулааныг цуглуулж, орон нутгийн бусад хэрэглээнд тохиромжтой хэлбэрт хувиргах үйл явцыг бий болгож, дулаан экспортлох нь дулааныг хаягдал болгохын оронд дата төвийн ойролцоох орон нутагт эрчим хүчний операторуудын дэмжлэгтэйгээр цуглуулж, дахин ашиглаж байна. Дата төвүүдэд үүссэн дулааныг барьж, түгээснээр тойрог эдийн засгийг бий болгож, хог хаягдлыг багасгах, цахилгаан, дулаан зэрэг үнэ цэнэтэй нөөцийг хамгийн үр ашигтай ашиглахын тулд материал, бүтээгдэхүүнийг аль болох ихээр дахин ашиглах болно. Дулаан сэргээх дэд бүтцийн зэрэгцээ уг төсөл нь A2A компанийн дүүргийн халаалтын сүлжээг өргөжүүлж, бага нүүрстөрөгчийн дулааны энергийг Милан хотын хорооллуудад, түүхэн төвөөс ойр орчмын дүүргүүд хүртэл хүргэх боломжийг олгох юм. Сүлжээнд одоогоор Дуомо, Палазцо Реале зэрэг түүхэн дурсгалт газруудын барилга байгууламжуудыг холбоод байна. Уг төсөл нь 345,000 гаруй тонн CO2 ялгаралтыг бууруулах төдийгүй тус хотын уламжлалт халаалтын эх үүсвэрээс хамааралтай байдлыг бууруулна гэж тооцоолж байна. Хүлэмжийн хийн ялгарлын хэмнэлтийг ойролцоогоор 220,000 модны жилийн нүүрстөрөгчийн шингээлттэй харьцуулж болно гэж тооцоолж байна. A2A компанийн гүйцэтгэх захирал Ренато Маззончини “Дата төвүүд нь улсын өрсөлдөх чадвар, эдийн засгийн дижитал өөрчлөлтийг дэмжих стратегийн дэд бүтэц юм. Тэдний өсөлт нь технологийн инноваци, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчны тогтвортой байдлыг хослуулах чадвартай загварыг шаарддаг. Энэ үүднээс авч үзвэл, дулааны нөхөн сэргээлт нь дижитал төвүүдийн үнэ цэнийг дээд зэргээр нэмэгдүүлэх, хотуудын нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах ажлыг хурдасгах гол хөшүүрэг төдийгүй орон нутгийн иргэдэд эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үнэ цэнийг бий болгох юм” хэмээн өнцолжээ
Эх сурвалж: https://energydigital.com/news/how-equinix-turns-data-centre-heat-into-milan-city-heating
