Казахстан улсад 2 тэрбум ам.долларын ногоон аммиакийн төсөл хэрэгжинэ
Казахстаны Эрчим хүчний яам, Зүүн Казахстан мужийн захиргаа болон БНСУ-ын YPP корпораци 2 тэрбум ам.долларын өртөгтэй Ногоон эрчим хүчний цогцолбор барих харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Казахстан улсын Ерөнхийлөгч К.Токаевын БНСУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр тус улсын Эрчим хүчний яам, Зүүн Казахстан мужийн захиргаа болон БНСУ-ын YPP корпораци 2 тэрбум ам.долларын өртөгтэй Ногоон эрчим хүчний цогцолбор байгуулах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ. The Times of Central Asia хэвлэлийн мэдээлснээр энэхүү гэрээний хүрээнд устөрөгч болон сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтарсан судалгаа, талбайн үнэлгээ хийж, техникийн туршлага солилцохоор тохирчээ. Төслийн төлөвлөгөөний дагуу уг цогцолбор нь нийт 1 ГВт орчим хүчин чадал бүхий салхи, нарны эрчим хүчний станцуудыг нэгтгэх юм. Үйлдвэрлэсэн цэвэр цахилгаан эрчим хүчийг томоохон электролизийн байгууламжид ашиглан жилд 55,000 тонн ногоон устөрөгч эсвэл 310,000 тонн ногоон аммиак үйлдвэрлэхээр тооцсон байна. Үйлдвэрлэсэн ногоон аммиакийг олон улсын нүүрстөрөгч багатай химийн нийлүүлэлтийн сүлжээ, бордооны салбарт нийлүүлэхээс гадна БНСУ-ын эрчим хүчний салбарт экспортлох боломжтой аж.
БНСУ 2038 он гэхэд нийт цахилгаан үйлдвэрлэлийнхээ 6.2 хувийг цэвэр устөрөгч болон аммиак хавсран шатаах аргаар хангахаар үндэсний төлөвлөгөөндөө тусгаад байна. Казахстан улсын Эрчим хүчний яамнаас мэдээлснээр уг төслийн эдийн засгийн иж бүрэн үндэслэлийн судалгааг хийж гүйцэтгэсний дараа бүтээн байгуулалтын үндсэн ажилд шилжих юм.
