Архангай аймагт 22 МВт-ын дулааны цахилгаан станц барьж эхэллээ
Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод 22 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэллээ. Тус станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барьж байгуулах бөгөөд 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод 22 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэллээ. Тус төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Эй Пи Пи Энержи ХХК, Энержи Девелопмент ХХК болон хөрөнгө оруулагчид хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.
Төслийн нийт өртөг 230 орчим тэрбум төгрөгт хүрч буйг Архангай аймгийн ИТХ-аас мэдээлэв. Үүнээс төрөөс станцын дэд бүтэц болох дулаан, цахилгааны шугам сүлжээний өргөтгөлийн ажилд 80 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт гаргахаар тусгасан байна. Харин хувийн хэвшлийн зүгээс станцын үндсэн барилга байгууламж болон тоног төхөөрөмжийн угсралтад зориулж 150 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр хуваарилжээ.
Шинэ дулааны цахилгаан станц ашиглалтад орсноор жилд дунджаар 138.6 сая кВт.ц цахилгаан, 67,130 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх тооцоо гарсан байна. Энэхүү үйлдвэрлэлээр Цэцэрлэг хотын айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон аж ахуйн нэгжүүдийг дулаан, цахилгаанаар найдвартай хангах юм. Үүнээс гадна станцын үйл ажиллагаа жигдэрснээр орон нутагт инженер, техникийн чиглэлээр 90 байнгын ажлын байр шинээр бий болно. Энэ нь тус бүсийн эрчим хүчний хараат бус байдлыг бэхжүүлж, орон сууцжилт болон үйлдвэрлэлийн суурийг тавих ач холбогдолтой юм.
