90 МВт суурилагдсан хүчин чадалтай Эрдэнэбүрэн УЦС-ыг 2030 онд ашиглалтад оруулна
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг, Ховд голын Шижигтийн хавцалд хэрэгжиж буй 90 МВт суурилагдсан хүчин чадал бүхий Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын явц 40 хувьтай байна.

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг, Ховд голын Шижигтийн хавцалд баригдаж буй 90 МВт суурилагдсан хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын нийт гүйцэтгэл 40 хувьд хүрчээ. БНХАУ-ын Засгийн газрын 266 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй уг стратегийн томоохон станцыг 2030 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Уг төслийн үндсэн бүтцэд тус бүр 22.5 МВт хүчин чадалтай дөрвөн агрегат бүхий усан цахилгаан станцыг барьж байгуулах ажлууд багтаж байна. Барилга угсралтын үндсэн ажил энэ оны гуравдугаар сард албан ёсоор эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар талбайд ерөнхий гүйцэтгэгч компанийн 225 ажилтан, орон нутгийн 250 иргэн тус тус ажиллаж байна. Бэлтгэл ажлын хүрээнд 49.8 км урт ашиглалтын авто зам, Ховд гол дээгүүрх хоёр гүүр, ажилчдын кемп, бетон зуурмаг болон хайрга боловсруулах үйлдвэр, туршилтын лаборатори, агуулах, засварын цехийн барилгын угсралтыг бүрэн дуусгажээ.
Одоогоор үндсэн байгууламжийн голдирол зайлуулах туннелийн малталт, бэхэлгээний ажил төлөвлөгөөний дагуу эрчимтэй үргэлжилж байна. Уг усан цахилгаан станц нь салхи, нар зэрэг сэргээгдэх эрчим хүчний бусад эх үүсвэрийг сүлжээнд үр ашигтайгаар нэгтгэх боломж олгож, баруун бүсийн эрчим хүчний найдвартай байдлыг бэхжүүлэх стратегийн өндөр ач холбогдолтой юм. Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор баруун бүсийн эрчим хүчний системийн импортын хамаарал эрс буурч, дотоодын цэвэр эрчим хүчний бие даасан хангамж шинэ шатанд гарах юм.
