Дулааны V цахилгаан станцын барилга угсралтын гүйцэтгэл 16 хувьтай байна
Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах ДЦС-2-ын үнсэн сангийн 26.4 га талбайд баригдаж буй Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)-ын барилга угсралтын ажлын нийт гүйцэтгэл 16 хувьд хүрснийг төслийн нэгжээс мэдээллээ.

Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах ДЦС-2-ын үнсэн сангийн 26.4 га талбайд баригдаж буй Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)-ын барилга угсралтын нийт гүйцэтгэл 16 хувьд хүрснийг төслийн нэгжээс мэдээллээ. Энэ оны 5 дугаар сарын 4-ний өдөр албан ёсоор эхэлсэн тус бүтээн байгуулалтын талбайд одоогоор гүйцэтгэгч компанийн 300 гаруй инженер техникийн ажилтан ажиллаж байна. Одоогийн байдлаар станцын нэг, хоёрдугаар зуух, турбин, яндангийн суурь болон уут филтерийн суурийн төмөр бетон цутгалтын ажлууд хийгдэж байна. Төслийн ерөнхий инженер Л.Баасангийн мэдээлснээр талбайд 65 жилийн турш хуримтлагдсан 1 сая шоо метр үнснээс 300 мянган шоо метрийг Морингийн давааны цэг рүү тээвэрлэсэн нь 30 гаруй хувийн биелэлттэй байгаа бөгөөд энэ оны 11 дүгээр сар гэхэд тэг тэмдэгтээс дооших бүх тоноглолын суурийг бүрэн цутгаж дуусгах аж. ДЦС-5 төслийн нийт төсөвт өртөг 658.5 сая ам.доллар бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 20 хувийг нийслэлээс бонд гарган, 80 хувийг Камбожийн Митайм Интернэйшнл компани санхүүжүүлж байгаа юм. Мөн БНХАУ-д захиалсан турбин, генератор, зуух зэрэг үндсэн тоноглолуудын үйлдвэрлэлийн явц 30 орчим хувьтай байна. Тус станц нь 300 МВт цахилгаан, 340 Гкал/цаг дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай байх бөгөөд 2028 оны 3 дугаар улиралд бүрэн ашиглалтад орохоор төлөвлөгдсөн байна. Станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотын Таван шар, 21 дүгээр хороолол, Баянхошуу болон 1 дүгээр хороолол орчмын 100 мянган айл өрхийг цахилгаанаар, 40-50 мянган өрхийг найдвартай дулаанаар хангах суурь нөхцөл бүрдэнэ.
