Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийн тендерийг дахин зарлана
Улаанбаатар хотын Морингийн давааны 10 га газарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт амжилтгүй боллоо.

Улаанбаатар хотын Морингийн давааны 10 га газарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад техникийн болон санхүүгийн шаардлага хангасан санал ирээгүй тул тендер амжилтгүй боллоо. Нийт 199 сая гаруй ам.долларын өртөгтэй уг төслийг 2025-2028 оны хооронд 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байсан юм. Нийслэлийн хүн ам өсөхийн хэрээр төвлөрсөн хогийн цэгүүдийн ачаалал эрс нэмэгдэж байгаа тул энэхүү төсөл нь эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох, хог хаягдлын менежментийг сайжруулахад чухал үүрэгтэй юм. Төслийн хүрээнд нийслэл хотын ахуйн хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологиор устгаж, төвийн нэгдсэн сүлжээнд цахилгаан болон дулааны эрчим хүч нийлүүлэх зорилготой, шалгарсан гүйцэтгэгч нь үйлдвэрийн зураг төсөл, санхүүжилт, барилга угсралт болон урт хугацааны ашиглалтыг бүрэн хариуцан хэрэгжүүлэх нөхцөлтэй байжээ.
