Эрчим хүчний салбар дахь хиймэл оюуны шилдэг 10 компани

Орчин үеийн эрчим хүчний сүлжээнүүд минут тутамд маш нарийн тэнцвэржүүлэлтийн үйлдлийг гүйцэтгэдэг. Цахилгаан эрчим хүчний хангамж нь эрэлт хэрэгцээтэй шууд нийцэж байх ёстой, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл цаг агаартай зэрэгцэн өсөж, буурдаг, хуучирч буй дэд бүтэц тасалдалгүй ажиллах ёстой гэх зэрэг нь эрчим хүчний салбарын онцлог юм. Сүүлийн жилүүдэд сүлжээний оператор, эрчим хүчний үйлчилгээ үзүүлэгчид үйл ажиллагаандаа хиймэл оюуны шийдлийг эрчимтэй нэвтрүүлэх болжээ. Технологид суурилсан дэвшилтэт системүүд нь тоног төхөөрөмжийн эвдрэлээс өгсүүлээд сэргээгдэх эрчим хүчний гарцыг өндөр нарийвчлалтайгаар урьдчилан таамаглах, сүлжээний операторт өөрчлөгдөж буй нөхцөл байдалд бодит цаг хугацаанд оновчтой хариу үйлдэл үзүүлэхэд нь тусалдаг. Гэвч нөгөөтээгүүр өндөр технологи, хиймэл оюуныг эрчим хүчний салбарт ашиглахад дата төвүүдийн сүлжээнд тавьж буй асар их, байнга өсөн нэмэгдэж буй шаардлага, тэдгээрийн үүсгэж буй хүлэмжийн хийн ялгарлыг асуудал хурцаар тавигдаж байна. Energy Digital (https://energydigital.com/) порталаас эрчим хүчний салбар дахь хиймэл оюуныг шилдэг 10 компаниар дор дурдсан компаниудыг тодорхойлжээ.
1.Schneider Electric компани
Үүсгэн байгуулагдсан он: 1836
Schneider Electric компани бол хиймэл оюунаар ажилладаг эрчим хүчний менежментийн тэргүүлэгч компани юм. Тус компанийн EcoStruxure систем нь сүлжээнд холбогдсон төхөөрөмж, дэвшилтэт аналитик, машин сургалтыг хослуулсан систем юм. Энэхүү систем нь тоног төхөөрөмжийн эвдрэлийг гарахаас өмнө урьдчилан таамаглаж, үр ашгийг сайжруулах арга замыг санал болгож, нөхцөл байдал өөрчлөгдөхөд эрчим хүчний хэрэглээг автоматаар тохируулах боломжийг олгодог. EcoStruxure систем нь үйлдвэр, эмнэлэг, дата төв зэрэг цахилгааны сүлжээг ямар байгууллага удирдахаас үл хамааран сүлжээний операторт өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн талаарх илүү тодорхой дүр зургийг өгдөг.
2. Google компани
Үүсгэн байгуулагдсан он: 1998
Google шиг хаа сайгүй байдаг компани цөөхөн байдаг. Тус компани байгуулагдсан цагаасаа хойш эрчим хүч зэрэг дэлхийн эдийн засгийн бүх салбарт нөлөөлж ирсэн. Дэлхийн цахилгаан эрчим хүчний хамгийн том хэрэглэгчдийн нэг болох Google компани өөрийн DeepMind платформыг ашиглан дата төвүүдийн эрчим хүчний хэрэглээг төдийгүй, хөргөлтөд ашигладаг эрчим хүчийг 40%-иар бууруулдаг. Өнөөдөр дэлхийн олон зуун эрчим хүчний компани тус компанийн хиймэл оюуны технологийг салхины эрчим хүчний үйлдвэрлэл болон сүлжээний эрэлтийг урьдчилан таамаглах, виртуал цахилгаан станц байгуулах зэрэг өргөн хүрээнд ашиглаж байна.
3. GE Vernova компани
Үүсгэн байгуулагдсан он: 2024
Орчин үеийн цахилгааны сүлжээний хэвийн найдвартай, үр ашигтай байдлыг хангахын тулд сүлжээний оператор гарч болзошгүй эвдрэл, эрэлт хэрэгцээ, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хэлбэлзлэл зэргийг тухай бүр мэдэж байх хэрэгтэй. GE Vernova компани эдгээр асуултыг харгалзан өөрийн хиймэл оюуны шийдлийг бүтээсэн. Тус компанийн GridOS программ хангамж нь сүлжээний талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэл, дүн шинжилгээг хийдэг бол Asset Performance Management систем нь үйл ажиллагааг тасалдуулахаас өмнө болзошгүй асуудлыг тодорхойлохын тулд чухал тоног төхөөрөмжийн өгөгдлийг тасралтгүй шинжилдэг. Үүний үр дүнд сүлжээ нь илүү найдвартай төдийгүй орчин үеийн амьдралын шаардлагад илүү сайн нийцэх болно.
4. Siemens компани
Үүсгэн байгуулагдсан он: 1847
Цахилгаан эрчим хүчний сүлжээ нь урьд өмнөхөөсөө илүү төвөгтэй болж, сэргээгдэх эрчим хүч, батарейн хадгалалт, цахилгаан тээврийн хэрэгсэл нь сүлжээгээр дамжин эрчим хүчний урсгалыг бүрэн өөрчилж байгаа өнөө үед дэлхий ертөнц энэ бүхэнд дасан зохицох шаардлагатай болсон. Siemens компани сүлжээний удирдлагын программ хангамжид хиймэл оюуныг нэвтрүүлснээр дээрх асуудлуудыг амжилттай шийдвэрлэж байна. Тус компанийн платформууд нь операторт эрэлтийг урьдчилан таамаглах болон хянах, тархсан эрчим хүчний нөөцийг тэнцвэржүүлэх, өөрчлөгдөж буй нөхцөл байдалд хурдан хариу үйлдэл үзүүлэхэд тусалдаг. Эрчим хүчний шилжилт хурдацтай явагдаж байгаа өнөө үед энэ нь сүлжээний оператор, цахилгаан үүсгүүрийн хувьд чухал ач холбогдолтой юм.
5. C3 AI компани
Үүсгэн байгуулагдсан он: 2009
Технологийн олон компани өөрийн бүтээгдэхүүнээ хиймэл оюунаар баяжуулсан боловч C3 AI (нэрнээс нь харахад) компани бол анхнаасаа хиймэл оюуны чиглэлээр байгуулагдсан компани юм. Цахилгаан эрчим хүчний компаниуд хиймэл оюуныг тоног төхөөрөмжийн эвдрэлийг урьдчилан таамаглах, цахилгааны хулгайг илрүүлэх, сүлжээний найдвартай байдлыг сайжруулах, эрчим хүчний эрэлтийг урьдчилан таамаглах зэрэгт түлхүү ашигладаг. Тус компани нь эрчим хүчний ханган нийлүүлэгчдэд хиймэл оюуныг хурдан нэвтрүүлэхэд нь туслах, туршилтын концепцоос илүү өдөр тутмын үйл ажиллагааны бэрхшээлийг шийдвэрлэх практик хэрэгслийг хүргэх чиглэлээр мэргэшихэд нь дэмжлэг үзүүлдэг.
6. Emerson компани
Үүсгэн байгуулагдсан он: 1890
Сүүлийн жилүүдэд хиймэл оюун нь Emerson компанийн аж үйлдвэрийн автоматжуулалтын ирээдүйн алсын харааны гол тулгуур болсон. Тус компани 2025 онд AspenTech компанийг худалдаж авсны дараа аж үйлдвэрийн хиймэл оюуныг эрчим хүчний салбарын олон арван жилийн туршлагатайгаа хослуулсан. Түүний Ovation Virtual Advisor Gen AI нь цахилгаан болон усны хяналтын системд шууд нэвтэрч, операторт алдааг оношлох, засвар үйлчилгээний хэрэгцээг урьдчилан таамаглах, байгалийн хэлээр дамжуулан техникийн зөвлөгөө авахад тусалдаг. AspenTech компанийн оновчлолын программ хангамжийн зэрэгцээ Emerson компанийн хиймэл оюун нь эрчим хүчний үйлдвэрлэгчдэд нарийн төвөгтэй байгууламжийг илүү үр ашигтай, найдвартай удирдан ажиллуулахад нь тусалж байна.
7. Amazon Web Services (AWS) компани
Үүсгэн байгуулагдсан он: 2006
AWS компани эрчим хүчний салбарт ашиглагдаж буй хиймэл оюуны олон хэрэглээг дэмждэг. Үүлэн дэд бүтэц нь асар их хэмжээний үйл ажиллагааны өгөгдлийг боловсруулах боломжийг олгож, машин сургалтын загвар нь эрэлтийн урьдчилсан мэдээ, сэргээгдэх эрчим хүчний төлөвлөлт, сүлжээний менежментийг сайжруулдаг.
8. Microsoft компани
Үүсгэн байгуулагдсан он: 1975
Microsoft бол турбин үйлдвэрлэдэг эсвэл цахилгаан станц барьдаг компани биш гэдгийг бүгд мэддэг ч орчин үеийн эрчим хүчний салбарт түүний гүйцэтгэдэг үүргийг тэр бүр мэддэггүй. Microsoft Azure бол тус компаниас гаргасан үүлэн тооцооллын платформ бөгөөд сервер, өгөгдлийн сан, сүлжээ болон программ хангамжийг интернэтээр дамжуулан удирдах, хөгжүүлэх боломжийг олгодог. Орчин үеийн эрчим хүчний системийн ард байгаа оюун ухааны ихэнх нь Azure платформ дээр ажилладаг. Turbo360 компанийн технологийн захирал Майкл Стефенсон Fortune 500 жагсаалтад орсон компаниудын 95% нь Azure платформд суурилсан гэж хэлсэн. Эдгээр 500 компанийн 79 нь эрчим хүчний компани юм. Ийм их хиймэл оюуны үндэс суурь болох Azure платформын эрчим хүчний салбар дахь зарим хэрэглээнд цахилгаан сүлжээг дуурайлган хийх, эрэлтийг урьдчилан таамаглах, өгөгдлийг тайлбарлах зэрэг орно.
9. ABB компани
Үүсгэн байгуулагдсан он: 1988
Эрчим хүчний салбарын тухайд өгөгдөл хангалттай байдаг ч шийдвэр гаргалтад ашиглах нь асуудал хэвээр байна. Эрчим хүчний салбарт олон жил үйл ажиллагаагаа явуулж буй ABB компани нь мотор, робот зэрэг физик тоног төхөөрөмжийг үүлэн технологитой холбодог ABB Ability платформоор дамжуулан шийдвэр гаргалтыг илүү оновчтой, үр дүнтэй болгож байна. Ability платформ нь хиймэл оюуныг автоматжуулалттай хослуулан дэд станцын үйл ажиллагааг хянах, цахилгааны сүлжээг оновчтой болгох, машин механизм, байгууламжийн нийт гүйцэтгэлийг сайжруулах боломжийг олгодог. ABB компанийн хиймэл оюун нь хүний мэдлэгийг орлохоос илүүтэйгээр сүлжээний операторт өөрийн хөрөнгийг илүү сайн удирдахад туслах зорилготой юм.
10. IBM компани
Үүсгэн байгуулагдсан он: 1911
IBM компани олон жилийн турш дэлхийн хамгийн том салбаруудад өгөгдлийг илүү сайн ашиглахад тусалж ирсэн. Өнөөдөр тус компанийн watsonx хиймэл оюуны платформ нь аж ахуйн нэгжүүдэд асуудлыг илрүүлж, шийдвэрлэхэд нь эдгээр өгөгдлийг ашиглахад тусалж байна. Тоног төхөөрөмжийн гүйцэтгэлээс өгсүүлээд үзлэгийн тайлан хүртэлх өгөгдлийг шинжилснээр уг систем нь инженерүүдэд засвар үйлчилгээг эрэмбэлэх, зогсолтын хугацааг багасгах, чухал дэд бүтцийг жигд ажиллуулахад тусалдаг.
Эх сурвалж: https://energydigital.com/top10/top-10-ai-companies-in-energy
